Гудамжны тэмцэгчээс парламентын гишүүн

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

76:1

Гудамжны тэмцэгчээс парламентын гишүүн

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг
цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй.
Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзанданг танилцуулж байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2004 онд Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидлэн, УИХ-ын дарга асан Н.Энхбаярын албан тасалгааны цонхыг хаймран мунаар хага цохиж явсан тэмцэгч бол Ж.Батзандан юм.

Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн энэхүү гудамжны улс төрөө “Авлигачидтай хийж буй тэмцэл” гэж тайлбарлаж байв. Тэмцэл нь эхэн үедээ иргэдийн дэмжлэгийг хүчтэй авсан ч эцэс сүүлдээ дэмжигч нь цөөрөхөд Ардчилсан намд элссэн. Өнөөдөр түүний УИХ-д сууж байгаа нь өнөөх муу хэлээд, дэвслээд буй Ардчилсан намын л нэр нүүр юм.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Унгар улсын Мищкольцийн их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн УИХ-д түүнээс өөр байхгүй. Харамсалтай нь, эзэмшсэн мэргэжлээ улс орны амьдралыг өөд татахад ашигласан нь тун ховор. Харин популизм хийж, тодроход ашигласан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Учир нь өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намаа, Засагтай юутай нь балбаж, популизм хийсэн хүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн дунд түүнээс өөр байгаагүй юм.

Эрх барьж байхад ч бодлого нь таалагдаагүй, гудамжинд гарсан хойно ч таалагдаагүй.

Хамгийн сүүлийн жишээ бол Ардчилсан нам бүх гишүүдээрээ намын даргаа сонгох болж, нэр дэвшигчид 240 саяын босго тавихад түүн шиг улс төр хийж, эсэргүүцсэн хүн гараагүй. Гэтэл намын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхлэхэд хамгийн түрүүнд очсон байдаг.

Сунгааны үеэр нэр дэвшигчдээ ч, намаа ч хамгийн их муулсан нь Ж.Батзандан.

Эцэст сүүлд нь сунгаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулж, намын даргын болзол хангахад сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, өргөх бичиг явуулсан атлаа хэвлэлийн хуралд нь давхиад оччихсон, ая тал засаж суусныг намынх нь гишүүд бүлгийн даргын суудал руу л “мярааж” явна гэж тайлсан юм. Үгүйсгэх аргагүй.

Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам эрх барих үед Ж.Батзандан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалах гэж их үзсэн. Даан ч намын нөхөд нь түүнд итгэл хүлээлгээгүй. Өнөөдөр ярьснаа маргааш нь мартчихдаг, үйлдэл нь хэлснийхээ эсрэг байдаг учраас будилуу ч гэсэн Д.Ганбат гишүүнд Хууль зүйн байнгын хороог даатгахаас өөр аргагүй байсан болов уу.

Гэхдээ МАХН Засгийн газраас гарснаар түүнд УИХ-ын Өргөдлийн байнгын хороог удирдах эрх шилжин ирсэн юм. Нэг хэсэг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо зөвхөн Баянзүрх дүүргийн иргэдийн гомдол хүлээн авдаг байгууллага болсон юм шиг өөрчлөгдсөн нь үүнтэй л холбоотой. Хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд ил болгоогүй л болохоос биш өмнөх дарга нь “Ж.Батзандан Өргөдлийн байнгын хороог удирдаж чадахгүй байна” гэдэг үгийг унагаад л явсан.

Ер нь Ж.Батзандан гишүүний хувьд нам, Засаг байтугай төрсөн ахыгаа ч балбах нэг их асуудал биш.

Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол, Солонгосын хамтарсан “Монсам” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан Ж.Батсүрэнг чөлөөлүүлэх хүсэлтийг Төрийн өмчийн хорооны даргад гаргаж, дуулиан тарьж явав. Ах Ж.Батсүрэн нь албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийг Гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан тул албан бичиг илгээж, арга хэмжээ авахуулж явав.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль
  • 1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  • 1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
  • 1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1999-2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш
  • 2004-2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2006-2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга
  • 2010-2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • 2011-2012 онд "Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2014 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Унгар

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж