БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт манай улсын хоёр иргэн саатуулагджээ. Энэ талаар Чежү арал дахь цагдаагийн газраас "Монгол оюутан залуус архидан согтуурч, агсан тавихдаа зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газарт очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан. Эх орон руугаа зугтах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа" гэж мэдээлжээ.
Баянгол дүүргийн зургаадугаар хорооны байрны орцонд /2017.02.06/ хоёр залуу хар тамхи хэрэглэж байхдаа цагдаагийнханд баригджээ. Хэргийг шалгахад Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороонд оршин суух хоёр залуус “Зэрлэг өвс” хэрэглэж байсан байна.
Эрчим хүчний яамны харьяа үйлдвэр, компаниуд болон цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллагын удирдлагууд 2016-2017 оны өвлийн их ачааллын ажлаа тайлагнав. Энэ үеэр гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэн ч, цахилгаан ачааллын хувьд хэрэглээний өсөлт төдийлөн нэмэгдээгүйг мэдэгдэв.
Ардчилсан намын даргад эн тэнцүү өрсөлдсөн дөрвөн нөхөр нь /2017.02.06/ С.Эрдэнэд баяр хүргэж, амжилт хүслээ. С.Эрдэнэ хамт өрсөлдсөн дөрвөн эрхэмд “Эвтэй дөрвөн амьтан” бүхий дурсгалын зүйл гардуулсан байна.
НӨАТ-ын буцаан олголт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд 461 мянга 865 иргэнд 33.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн талаар /2017.02.06/ Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээлэв.
Ардчилсан намын Их хурлыг угтаж шинэ дүрмийг есөн дүүрэг, 21 аймгийн нийт гишүүдээрээ хэлэлцүүлж эхэлсэн гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр тодотголоо. Хэлэлцүүлэг явуулж буй нь Ардчилсан намын 7 дугаар их хурал албан ёсоор эхэлсэн гэж ойлгож болно гэж тэр хэлэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн долоо хоногоос бүлэг хятад жуулчдыг визгүй зорчуулах нь гэсэн ташаа мэдээлэл цацаж эхэлсэнтэй холбогдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол /2017.02.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Жуулчдыг визнээс чөлөөлөхгүй” гэв.
Шатахуун импортлогчид литр тутмынхаа үнийг өчигдрөөс 100 хүртэлх төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ үний өөрчлөлтийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлалаа.