Морин хуурын чуулга 20 нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга 20 нас хүрнэ

Монгол Улсын Морин хуурын чуулга ирэх онд 20 нас хүрэх нь. Ойн хүрээнд чуулгын уран бүтээлчид хэд, хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. 15 жилийн ойгоороо дөрвөн ч томоохон тоглолт хийж байсан Морин хуурын чуулга өнгөрсөн онд “Гоо марал-2010” наадмаас дэлхийд Монголыг сурталчилсан гэх нэр хүндтэй шагналыг хүртэж байсан. Улсын нэрээр овоглодог тус чуулга нь1992 оны долдугаар сарын 9-нд байгуулагдсан бөгөөд 1994 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж байжээ. Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмий урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун болон удирдаач Д.Түвшинсайхан нар дэлхийн болон Монголын сонгодог бүтээлийг шинэчлэн найруулж, түүнчлэн дэлхийн шилдэг киноны хөгжмийг “Морин хуурын чуулга”-д зориулан найруулж, үзэгч, сонсогчдын хүртээл болгоод байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж