Д.Оюунхорол: Жуулчдыг визээс чөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Жуулчдыг визээс чөлөөлөхгүй

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн долоо хоногоос бүлэг хятад жуулчдыг  визгүй зорчуулах нь гэсэн ташаа мэдээлэл цацаж эхэлсэнтэй холбогдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр /2017.02.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Аялал жуулчлалын салбарт эдүгээ 54 мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн жил Монгол Улсад 404 мянган жуулчин ирж, эдийн засагт 312 сая ам.долларын орлого оруулжээ.

Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш, жил ирэх тусам Монголд ирэх жуулчны тоо буурч байгаа аж. Ингэхдээ Монголд ирэх Хятад жуулчдын тоо улам бүр буурах болжээ. Жуулчдын тоо нэмэгддэггүй нь нэгдүгээрт, визний асуудал маш хүндрэлтэй, интернэтээр виз захиалж, авч болдоггүй. Заавал Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газарт хандах шаардлагатай болдог.

Хоёрдугаарт, агаарын тээврийн үнэ өндөр, олон улсын зах зээл дээр аяллын бүтээгдэхүүн зарлагдсаны дараа нислэгийн үнээ зарладаг.

Гуравдугаарт, жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаа зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа аж. Иймээс салбарын яамнаас эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх бодлого боловсруулж, ажиллаж байгаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлсэн. Үүнийг буруу ташаа ойлгосон учраас бодитой мэдээлэл өгөх шаардлага гарлаа гэдгийг сайд Д.Оюунхорол хэлсэн юм.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-“Бүлэг жуулчдыг визгүй зорчуулах тухай асуудал байхгүй, сайд Д.Оюунхорол буруу ойлгосон байна” гэдэг тайлбарыг Гадаад харилцааны сайд саяхан хийсэн. Бүлэг жуулчдыг нэвтрүүлэх бол хөнгөлөлт үзүүлэх юм уу, эсвэл визгүй болгох асуудал дээр ойлголцохгүй байгаа юм уу?

-Аялал жуулчлалын салбарт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймаг, орон нутгийн удирдлагууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ хийхдээ санал болгож байгаа.

Дорнодын хилээр орж ирээд Дорнод аймгийг  үзэх жуулчид Улаанбаатарт ирж виз авдаг хүнд сурталтай байж болохгүй. Тийм учраас бүлэг жуулчдыг орж ирэхэд нь визний хөнгөлөлт үзүүлэх талаар Гадаад харилцааны яам манай яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр яг ингэж хариулсан.  Хөнгөлөлтийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарах. Бүлэг жуулчин гэдэг аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалттай орж ирдэг хяналтын тогтолцоотой юм.

Нөгөө талаас Монгол Улсад Хятад улсын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй. Ингэж Монголчуудыг талцуулан хуваах, нөгөө талдаа гадаад харилцаандаа маш эмзэг сэдвийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь буруу гэж боддог. Үүнийг олон нийт ч, хууль хяналтын байгууллага ч анхааралтай харж байгаа байх.  Бүлэг жуулчин оруулж ирэхгүйгээр Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй  гэдэг нь ийм учиртай.  

-Таныг  ажлын байрандаа гитар тоглож байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Хэр ёс зүйтэй байна вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнд тайлбар хийнэ үү?

Би энэ зургийг гаргаж тавьсанд үнэндээ гайхсан. Тэр бол Төрийн ордны албан өрөө ч биш, яамны ч өрөө  биш.

Байгуулсан сургуульдаа охиныхоо өрөөнд ороод амсхийх зуураа гитар тоглосон. Сонгуулийн өмнө авсан зураг.

Тэнд орж ирээд ямар хүн зураг авсан гэдгийг ч би мэдэж байгаа. Тэнд архи дарс уусан зүйл байхгүй. Ядарсан үедээ ч юм уу, чөлөөт цагаараа би гитар тоглох дуртай. Улстөрч боллоо гээд гитараа хэзээ ч орхидоггүй. Надад олон ч гитарын цуглуулга байдаг. Тоглох ч дуртай. Тэр өрөөнд орж ирээд зураг дарахад нь би “Битгий зураг дар” гэж гараараа хаалт хийсэн. Яг тэр хэсгийг гаргаад тавьж байгаа нь Монголд өнөөдөр хүн чанарын хэлтэрхий хаашаа явж байгаа юм, бид бие биенийгээ хэмлэж идэх аян дайнд мордсоны л нэг жишээ юм гэдэг нь саяын олон нийтийн сүлжээгээр гарсан зураг харууллаа.

Би гитар бариагүй юм аа гэж худлаа ярихгүй.

Би Монголын төрд 20 жил зүтгэхдээ албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй. Өөрөө би хүлээж авч чаддаггүй хүн учраас хэрэглэдэггүй. Гэхдээ найз нөхөдтэйгээ суусан үедээ ижилхэн төвшинд дуугаа дуулаад хамтраад сууж чаддаг. Андуу ташаа ийм мэдээлэл цацсан хүмүүсийг би мэдэж байгаа. Тавьсан  хүн нь ойлгоод ийм сенсаацитай юм болно гэж бодоогүй юм шиг байна.

-Сошиалаар дамжуулан бусдын нэр хүндэд халдах байдал хэрээс хэтэрч байна. Үүнийг цэгцлэх шаардлага байна уу, хамжааргатай болгох шаардлага байна уу гэж харагддаг. Засгийн газрын төвшинд асуудлыг судалж байгаа юу?

Хувь хүний нэр хаяггүй, фейсбүүк, твиттер хаягаар орж дайрч доромжилдог зүйл нэлээн газар авч байна.

Энэ бол Монголын оюун санаа хэр их хоосорч байгаа, эдийн засгийн хямрал гэхээсээ тархи нь илүү ядуу болж байгааг харуулсан загвар гэж боддог. Би сошиалд төдийлөн ороод бичээд, яриад хөөрөөд байдаггүй. Гэхдээ  байнгын уншигч. Харахаар хэр хэмжээнээсээ хэтэрч байгаа зүйл олон харагддаг.

Харин сүүлийн долоо хоногт өрнөсөн үйл явдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийг хагалан бутаргах, зохион байгуулалттай дотор нь үймүүлэх үйл ажиллагаа яваад байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол төрсөн.

Гэхдээ урам өгөөд, итгэлтэй байгаарай гээд урам зориг өгч байсан хүмүүст би талархаж байна. Энэ нийгэмд ийм хүмүүс нь олон байгаа, тийм учраас нийгэм зөв зам руугаа явчих тийм боломж бололцоо байгаа гэж хардаг.

Цаашдаа хэвлэл мэдээллийнхэн та бүхэн санаачилга гаргавал би  ч гэсэн Засгийн газрын гишүүний хувьд хамтран ажиллахад бэлэн байна.

Өнөөдөр Монгол Улсаас өөр интернетийн замбараагүй хэрэглээтэй улс орон байхгүй.

-Бүлэг жуулчин гэдэгт хэдэн хүнийг тооцож байна вэ. Жилд ирдэг жуулчдын хэдэн хувь нь бүлгээрээ ирдэг юм. Визний хөнгөлөлтийг хэзээнээс үзүүлэх чигтэй байна вэ?

2013 оноос эхэлж бүлэг жуулчинд хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх гэдгийг олгоод нэвтрүүлсэн байдаг. Нэг удаагийн зориулалттай үнэмлэх олгодог. Энэ үнэмлэхээр ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг орнуудад зорчих боломжтой гэж Хятадууд өөрсдөө тодорхойлсон байгаа.

Манай улсын хувьд 15-30 хүртэлх хүний тоонд байгааг бүлэг жуулчид гэж үздэг.

Визгүй зорчуулах тухай асуудал байхгүй. Хамт ирсэн жуулчдаас нэг хүн л байхгүй бол бүлэг жуулчдыг бүхэлд нь гаргахгүй.

Өөрөөр хэлбэл, 15 хүн орж ирчихээд 14-үүлээ гарах гэвэл нэг хүнээ олж ир гээд хилээр гаргахгүй, зогсоочихно.

Энэ бол хатуу шалгууртай, шаардлагатай үйл ажиллагаа.  Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2015 онд 13900 хятад жуулчид аяласан байдаг. Энэ үнэмлэхээр нэвтэрч байсан жуулчдыг 2016 оны хоёрдугаар сараас зогсоосон. Монголд АСЕМ-ын уулзалт болохтой холбоотойгоор энэ үед дээрх шийдвэр гаргаж зогсоосон юм билээ. Энэ асуудлыг сэргээх тухай асуудлыг л ярьж байгаа, шинэ зүйл биш.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж