Багануурын цахилгаан станцыг барьж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Багануурын цахилгаан станцыг барьж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцын талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

САНХҮҮ, ТӨСӨВ

Нэг байшингийн дээвэр, хүүхдийн тоглоомын талбай засуулах гэхэд хотын дарга болон олон байгууллагын дарга нартай уулзаж хөөцөлдөж байж энэ асуудлыг шийддэг байсан бол Орон нутгийн хөгжлийн сантай болсноор дүүрэг орон нутаг энэ хэмжээний асуудлаа өөрсдөө шийдэх бололцоотой болсон. 2013 онд Багануур дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд 2.4 тэрбум төгрөгтэй батлагдаж байсан. 2014 онд 1.9 тэрбум, 2015 онд 1.7 тэрбум гэх мэтчилэн мөнгө батлагддаг байсан бол 2017 онд эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ хөрөнгө оруулалтын ажил эрс буурсан. Энэ жил 558 сая төгрөг батлагдсан байгаагаас 400 орчим сая төгрөг нь 2016 онд хийгдсэн хувийн хэвшлийнхэнд өгөх ёстой мөнгө учраас энэ жил Багануур дүүрэг Орон нутгийн хөгжлийн сангаар 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай байна. Гэхдээ бид зөвхөн төсвийн мөнгөд баригдалгүйгээр цаашдаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарч ажиллаж байна.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

2015 оны сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллах ажлын хүрээнд Багануурын дулааны цахилгаан станц барих санамж бичиг байгуулсан. Хятадын Засгийн газар 100 хувийн хөрөнгө оруулалтыг гаргах бол Монголын Засгийн газрын талаас Багануурын уурхайн хүчин чадлыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх ёстой гэж тохиролцсон. Энэ хавраас уг дулааны цахилгаан станцын барилга байгууламж, газар шорооны ажил хийгдэж эхэлнэ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

Энэ асуудал бол бүх шатанд байгаа. Сонгож томилогдсон албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад, татвар төлөгчдийн мөнгөөр цалин авж байгаа хүн болгонтой энэ асуудал уялдана. Жижүүр манаачаасаа эхлээд байгууллагын удирдлага хүртэл бүгд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэгтэй. Тэр үүднээсээ төрийн албан хаагчид Төрийн өмнө хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биеүлүүлж байна гэж бид үзэж байгаа. Төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдож байна, төсөв санхүүгийн сахилга бат барихгүй байна, төсвийн хэмнэлтгүй үр ашиггүй ажиллаж байна гээд олон асуудал бий. Төрийн албан хаагчдын ажлын чиг үүргийг тодорхой болгох ёстой. Ажлын байрны тодорхойлолтуудыг бүгдийг шинэчлэх ёстой. Энэ  болгоноос энэ жилийн ажлын зорилго хэрэгжиж эхэлнэ гэж үзэж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

Багануур дүүргийн үе үеийн удирдлагуудын боловсролын салбарт анхаарал хандуулж ажилласны үр дүнд цэцэрлэгт нийт хүүхдийн 96 хувийг хамруулах бололцоотой болсон. 2008-2012 оны хугацаанд Багануур дүүрэг таван цэцэрлэгтэй байсан бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бид 9 цэцэрлэгтэй болсон. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд гурван цогцолбор сургуульд 5400 гаруй хүүхдүүд маань суралцаж байна. Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд байгаа. Харин Багануур дүүрэгт нэг ангид 32 хүүхэд хоёр ээлжээр сурч байгаа нь энэ салбарт анхаарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

Багануур дүүрэг анх удаа “Нийгмийн эрүүл мэндийн төв”-тэй болсон. Өнөөдөр манай дүүргийн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь амны хөндийн эрүүл мэндийн өвчлөлтэй байна гэж судалгаагаар гарсан байна. Багаас нь энэ хүүхүүдийн эрүүл мэндэд анхаарч ажиллаж байгаа.

Хурлын төгсгөлд тэрээр Улаанбаатар хотын төвлрөлийг сааруулж, алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулахад татвар, гаалийн олон дэмжлэг, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж