Английн Слау хотоос гаралтай Харнаам Каур дэлхийн хамгийн залуу бөгөөд хамгийн урт сахалтай эмэгтэй юм.
. . .
Тэрбээр өндгөвчний уйланхайн хам шинжтэйн улмаас биед нь илүүдэл үс ихээр ургах болжээ.
. . .
Тэр 24 нас, 282 хоногтойдоо Гиннесийн амжилтын эзэн болсон.
. . .
Тэр Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа алхсан анхны сахалтай эмэгтэй.
. . .
Олон жил бусдад доромжлуулж, гадуурхагдаж явсан шанаа дүүрэн сахалтай залуу бүсгүй Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигджээ. Английн Слау гэх жижигхэн хотоос гаралтай Харнаам Каур бусдаас өөр төрснийхөө төлөө үргэлжид бусдын доог тохуу болдог байсан гэнэ. 15 см урт сахлаа тэр одоо “өөрийнхөө давуу тал” гэж хардаг болжээ.
Харнаам Каур Polycystic ovary syndrome буюу өндгөвчийн олон уйланхайрах хам шинжтэй.
Дааврын өөрчлөлтөөс шалтгаалж нүүрэнд нь илүүдэл үс ихээр ургадаг гэнэ. Тэр 24 нас, 282 хоногтойдоо Гиннесийн номд хамгийн залуу бөгөөд хамгийн урт сахалтай эмэгтэй гэж албан ёсоор бүртгэгджээ.
Түүний энэ өвчин 10 настайд нь анх илэрчээ. Тэр цагаас хойш тасралтгүй сахал нь ургасаар байгаа гэнэ.
“Хүмүүс намайг эрэгтэй, мангас, алмас, бүдүүн гээд янз бүрээр л хочилдог байсан” гэж Харнаам ярьжээ. Ичимхий, даруухан охин байсан тул өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй, үргэлж бусдын доог тохуу болдог байсныг ээж нь хэлэв. Охин нь ингэж зовж байгааг харж тэвдэхдээ тэр Харнаамыг дагуулаад гоо сайхны салонд очиж, сахлыг нь ваксдуулсан гэнэ. “Тэр үнэхээр аймшигтай мэдрэмж байсан. Эхлээд ваксаа түрхэнэ, дараа нь цаас. Тэгээд л хуу татчихсан. Би муухай орилоод, хажуугийн өрөөний үйлчлүүлэгч цочсондоо уншиж байсан сэтгүүлээ алдтал нь орилсон гэсэн. Нүдэнд минь нулимс цийлэгнээд, цурхиртал уйлдаг байлаа. Өдөр ирэх тусам сахал маань илүү хурдан ургана. Хусаад л гарна, нэмэргүй. Салонд очиж, ваксдуулна. Арьсаа түлэгдтэл ваксдуулсан. Сүүлдээ зарим үс нь ваксанд хуулагдахаа ч больсон” гэж тэр ярьжээ. 15 настайдаа Харнаам сургуулиа орхиж, амиа егүүтгэх тухай ч бодож эхэлсэн гэнэ.
Бусдаас нуугдаж, нүүр царайгаа халхалж явдаг байсан тэр одоо харин өөртөө итгэлтэй нэгэн болж, Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа ч алхаж амжжээ. Бусдыг дээрэлхэн тохуурхахын эсрэг дуу хоолойгоо өргөж, сошиал хүрээнд идэвхтэй нэгэн болсон гэнэ.
С.ЦЭЛМЭГ