Грек дахиад л олны анхаарлын татах болсон нь тус улс ахиад л сүйрлийн ирмэгт хүрч очсоных юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Еврогрупп тус орны шинэчлэлийн хоёр дахь хөтөлбөрийг дэмжсэнгүй.
Олон улсын валютын сан Грекийн өрийг “ихээхэн тогтворгүй” гэж тооцож байгаагийн зэрэгцээ Европын зээлдүүлэгчдийн ачааллыг бууруулах хэрэгтэй гэсэн нь олон улсад багагүй дуулиан дэгдээгээд буй.
Эндээс 2015 оны үйл явдал Грект дахин давтагдах уу гэсэн асуулт тавигдаж байна. “Credit Suisse” банкны шинжээч Жованни Занни Грек хямралаас гарах гарцаа яаралтай олох ёстойг анхааруулжээ. Гэхдээ хямралаас гаргах ямар, ямар хувилбар байж болох вэ?
Хувилбар 1
ОУВС-гийн дэмжлэгийг авахаар Грекийн засгийн газар чармайж байна.
Хоёрдугаар сарын 6-нд ОУВС-тай чухал уулзалт хийх бөгөөд талууд арга хэмжээгээ тохиролцож чадвал хоёрдугаар сарын 20-нд шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тус сантай гэрээ байгуулах юм.
Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас авах дунд хугацааны (2018 оны дараа) тусламжийн хүрээнд талууд ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй болсон аж. Тохиролцоонд хүрч чадвал ОУВС ба Европын төв банкнаас олгох зээлийн боломжийн төвшнийг судлан тогтоох юм.
Хувилбар 2
Грек нь өрийн ачааллаа буулгах сонирхолтой байгаа бол ОУВС нь бүтцийн өөрчлөлт хийх мөн Европын зээлдүүлэгч нараас өрийн ачааллыг нь буулгуулах чиглэл барьж байна.
Харин Европын зээлдүүлэгчид нь Грекийн шинэчлэлд эргэлзэж буй агаад өрийн ачааллыг хөнгөлөх бодолгүй байгаа юм. Гурван тал ойлголцлын зөрүүгээ нэгтгэж, харилцан тохиролцохын тулд шинэ хэлэлцээрийг Францын сонгуулийн өмнө хийх хүсэлтэй байна. Хэрэв талуудын зөрчил даамжрахгүй бол ирэх зургадугаар сард Грекийн асуудал нэг тийшээ шийдэгдэх болно.
Хувилбар 3
Энэ хувилбар нь 2015 оны үйл явдлын хуулбар нь. Эхний хоёр хувилбар бүтээгүй нөхцөлд гуравдахь хувилбарыг Грек сонгоход хүрнэ. Өөрөөр хэлбэл,Европт болох зарим сонгуультай давхцуулан Грек өөрийн зүг тэдний анхаарал татах оролдлого хийх гэнэ.
Хувилбар 4
ОУВС болон зээлдэгчидтэй тохиролцож чадвал бол ээлжит бус сонгууль явуулахыг Грек зөвшөөрч магадгүй юм.
Гэхдээ мэдээж депутатуудад таалагдахгүй нь тодорхой. Сүүлийн санал асуулгын дүнгээр барууны үзлийг баримтлагчдын рейтинг өндөр гарчээ. Гэхдээ ээлжит бус сонгуулийг явуулснаар эдийн засагт нь сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.
Хувилбар 5
"СИРИЗА" намын парламентад дахь төлөөлөгч Никос Хидакис өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ ЕХ-ны гишүүн байх талаар ярилцахад хориг тавиад хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч, сөрөг хүчин Хидакисын энэхүү байр суурийн эсрэг байгаа юм. Түүний саналыг парламент ч хүлээн авахгүй нь тодорхой байна. Гэсэн ч Хидакисын санад олон нийтийн дэмжлэг авахыг үгүйсгэх аргагүй.
Хоёрдугаар сард эдгээр асуудлуудыг шийдэх, шинэчлэлийн хөтөлбөрт дэвшил авчрах олон үйл явдал өрнөж магадгүй байна. Хэрэв энэ сард асуудлаа шийдэж чадахгүй бол долдугаар сард Грек дампуурлаа зарлаж болзошгүй. Учир нь тус улс өрийн хүүгээ ОУВС ба ЕХ-ны тусламжгүйгээр төлж чадахгүйд хүрэх юм. Гэхдээ Грек арай ч иймдээ тулахгүй биз ээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР