Түвдэд жилдээ гурван сая хүн жуулчилдаг бол Монголд 475 мянган хүн ирдэг. Тэдний хэд нь аялагчид вэ гэвэл инээд хүрмээр тоо гарч магадгүй. Бутанд жуулчилж буй аялагч дор хаяж 250-500 ам.долларыг, харин Монголд жуулчлахаар ирж буй нэг жуулчин 180-270 ам.доллар үрдэг гэсэн судалгааг Монголбанкнаас 2015 онд гаргажээ.
Өвөл, хавар, зун, намар гээд өнгө солигддог жилийн дөрвөн улиралтай, хоёр их гүрний дунд орших Монгол аялал жуулчлалын бодлогоо өөрчилснөөрөө эдийн засагт мөнгө олох боломж хангалттай бий.
Аялал жуулчлалын салбарыг яаж “алт” болгох талаар салбарын яам өнөөдөр ч гарц хайсаар байна. “Манайд зочлоорой” гэсэн тунхаг төдий уриагаар ч юм уу эсвэл “Найрсаг Улаанбаатар” гэсэн тодотгол зүүснээр аялал жуулчлал хөгжихгүй. Бид бодлогоо өөрчилж, дэлхийн чиг хандлагыг даган дуурайхаас өөр замгүй. Хятадын жуулчдыг татахын төлөө дэлхий уралдаж байна. Тиймээс Монгол ч бас дэлхийг чиг хандлагад мэдрэмжтэй хандах ёстой. Засгийн газар ахиц гардаггүй хуучны улиг болсон бодлогоо эвдэж, дэлхийд аялагчдын тоогоороо нэгдүгээрт жагсах БНХАУ-ын жуулчдыг татах, мөнгөний урсгалыг Монгол руу чиглүүлэх зорилт тавьжээ.
Ингэхдээ тэдний Монголд аялах нөхцөлийг хөнгөвчилсөн ямар боломж бийг судалж, хятад жуулчдад олгох визний журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүний цаана хятадуудад виз олгохгүйгээр эх орон руугаа чөлөөтэй нэвтрүүлэх бус, тэдний аялалдаа зориулдаг мөнгийг Монгол Улс руугаа татан аялал жуулчлалын салбартаа ахиц гаргах эдийн засгийн том тооцооллыг агуулж буй.
Тиймээс монголчууд бид хятадуудыг хөөх бус харин ч тэднийг эелдгээр эх орондоо урья. Тэдний аялалдаа зориулах мөнгийг улс руугаа татъя. Мэдээж, визний хөнгөлөлтийн цаана олон тооны хятад иргэн орж, ирэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон иргэнд бий байх. Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран боловсруулж буй визний журамд оруулах өөрчлөлт дотор гаднаас ирэх жуулчдыг хянах тогтолцоог ч өмнөхөөсөө илүү чангатган оруулж өгснөө албаныхан онцолсныг дурдъя. Мөн энд нэг ч хятад иргэнийг визгүй зорчуулдаг болох тухай асуудлыг хөндөөгүйг сануулъя.
— БУСАД ОРНУУДЫН ХЯТАД ЖУУЛЧДЫГ ТАТАХ ЗОРИЛГО БУЮУ ВИЗНИЙ ХӨНГӨЛӨЛТ —
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд 1.3 тэрбум хүн аялсны 120 сая нь БНХАУ-ын иргэд, тэд дэлхийн аялал жуучлалын салбарт 125 тэрбум ам.долларын орлого оруулсан гэсэн судалгаа бий. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон хятад жуулчдыг улсдаа хэрхэн татах тусгай бодлогыг гаргаж, визний журмаа хөнгөлж эхэлсэн байна. Энэ жишгээр Монгол Улс ч олноороо нийлэн аялах сонирхолтой урд хөршийн иргэдэд хөнгөлөлт үзүүлэх гарцыг олж, боловсруулж буй. Монголд зорчихын тулд хятад аялагч бүр нэг бүрчлэн Монгол руу нэвтрэх виз авах бус аяллын компанийн төлөөлөгчөөрөө дамжуулан багаараа визээ нэг дор гаргуулан авдаг болох гэнэ.
Тав буюу түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визний хураамжийг 25 хувиар, 10-аас дээш хятад иргэнээс бүрдсэн бүлэг жуулчдад олгох визийг хүн тус бүрээс авах визний хураамжийг 50 хувиар хөнгөлөх журмын зохицуулалтыг Гадаад харилцааны яам хийж буйг тус яамны Консулын газрын захирал Я.Ариунболд ярив.
Тэрбээр “Бүлэг жуулчдад зориулсан олон улсын санамж бичигт Монгол Улс 2005 онд нэгджээ. Энэ санамж бичгийн хүрээнд дэлхийн 40 гаруй улс бүлэг жуулчдад, визний хөнгөлөлт үзүүлж, дотооддоо аялуулдаг. Монгол Улс ч бүлэг жуулчдыг урьж байгаад, зогссон байсан. Тухайн үед манайд аялал жуулчлал хөгжих боломж бүрдээгүй байв. Аяллын компаниуд өрсөлдөөн ихтэй ч ашиггүй байсан. Ирсэн бүлэг жуулчид нь Замын-Үүд боомтоор дөнгөж орж ирээд, ямар ч хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхгүй гараад явдаг байсан. Энэ нь Монгол Улсад ямар ч ашиггүй байжээ. Тиймээс л бүлэг жуулчдыг татах ажлаа түр зогсоосон. Одоо харин тэдэнд виз олгох шат дамжлагыг багасгаж, шууд аяллын компаниудаар нь дамжуулж олгохоор журамд өөрчлөлт оруулж байна. Ингэхээр Монголд аялах хятад жуулчид богино хугацаанд визээ авч, дээрээс нь олуулаа байвал визний төлбөртийн хураамжаа хөнгөлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Хятад жуулчдыг олноор нь эх орондоо аялуулж, тэднээс их хэмжээний мөнгө авахын тулд эхлээд эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэж Гадаад харилцааны яам үзсэн байна.
— ХИЛИЙН БҮСЭЭР ОЛГОХ ЖУУЛЧДЫГ ЦЭНХЭР ТАСАЛБАРААР АЯЛУУЛНА —
Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг БНХАУ-тай хил залгаа оршдог аймгуудын түүх, соёлын дурсгалт газраар аялах сонирхолтой хятад иргэдэд тусгай цэнхэр тасалбар олгож, аялуулах визний хөнгөлөлт үзүүлдэг байх өөрчлөлтийг ч яамд боловсруулж эхэлжээ. Тодруулбал, бүлэг жуулчид бүх боомтуудаар бус тодорхой олон улсын боомтуудаар нэвтрэх эрхтэй байх, түүнчлэн бүлэг жуулчдыг нэвтрүүлэхдээ Монгол болон Хятадын аялал жуулчлалын эрх бүхий компаниар үйлчлүүлсэн байх, аяллын маршрут, хөтөлбөр, бүлэг жуулчдын тээврийн хэрэгслийн төрлийг урьдчилан авсан байх шаардлагыг тавьж, түүнийг зохицуулах журмыг шинэчлэх юм.
БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлжээ. Нэг удаагийн зориулалттай тус үнэмлэхээр Хятадын жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг байна. Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх манайд одоо л яригдаж байгаа асуудал биш юм байна. БНХАУ-ын хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхтэй жуулчдыг 2015 онд манай Замын-Үүд, Бичигт боомтоор нэвтрүүлэн өдрийн аялал явагдаж байсан бөгөөд Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2014 онд 5936 жуулчин аялсан бол 2015 онд13914 хятадын жуулчид аялсан байдаг. Энэ үйл ажиллагааг 2016 оны хоёрдугаар сараас зогсоожээ. Нэг өдрийн жуулчны үйл ажиллагааг зогсоосноос хил орчмын аялал жуулчлал, бараа худалдааны үйл ажиллагаа доголдож, жуулчдад үйлчилдэг дэлгүүр, ресторан, бэлэг дурсгалын зүйл борлуулдаг иргэдийн орлого зогссон байдалтай байгаа тул хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр нэвтрэх эрхийг сэргээж өгөхийг Дорноговь болон Сүхбаатар аймгийн Засаг дарга нар удаа дараа хүсэлт ирүүлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцоллоо.
— МОНГОЛД АЯЛАХ ХЯТАД ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ —
Хятад иргэд Монголд дунджаар 13 хоног аялдаг. Энэ хугацаандаа хувиараа аялж буй нэг хятад 1622 ам.доллар, аяллын компаниар дамжин ирсэн хятад иргэн 1688 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоог Монгол банкнаас гаргажээ. Харин сүүлийн гурван жилд БНХАУ-аас нийт 303 мянга орчим иргэн Монгол Улсад жуулчлахаар ирсэн байна. Гэхдээ жил ирэх тусам Монголыг зорих хятад жуулчдын тоо буурсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцлов.