Эхлээд хэдхэн асуулт тавъя. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдан авснаараа шууд утгаараа хэн хэдэн ам.доллараар хохирсон бэ? Яг хэнийг яаж хохироосныг хэн баталж байгаа вэ? Хохирогч нь Орос уу, Монгол уу? Оросын эрх ашиг нэгд үү, Монголын эрх ашиг нэгд үү? УИХ хууль батлах үүрэгтэй институци уу, хэрэг шүүх эрхтэй субьект үү?
Эдгээр асуултад хариулахын өмнө саарал ордонд чухам юу өрнөж буйг сонирхуулъя.
УИХ дахь олонхийн бүлэг өчигдөр өдөржин хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргажээ. Бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж, баасан гаригийн УИХ-ын чуулганаар оруулах юм.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэ нь өнөөдрөөр дуусгавар болж буй. Москвад хийгдсэн наймаа Монголын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг үзээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус гэсэн дүгнэлтээ гаргасан байдаг.
Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө нэгдсэн хуралдаанаар оруулахаар товлогдоод байгаа юм. Ийнхүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсныг шүүн хэлэлцэх шүүх хурал УИХ дээр явагдах гэж байна.
“Эрдэнэт” үйлдвэр хэзээ нээгдсэн, хэн хэдэн хувь эзэмшдэг байсан талаар энд дахин нурших нь илүүц. Өнгөрсөн найман сарын турш явагдсан тавилттай улс төржилтийн ачаар “Эрдэнэт”-ийг мэдэхгүй хүнгүй, мэддэг ч хүнгүй болж хувирсан билээ. Монголын улстөрчид болоод “Монголын зэс” компанийнхан үнэн, худал бүх талын мэдээллийг өгсөн болохоор үүсэл гарал, үйлдвэрийн ашиг орлого гээд найман настай балчир хүртэл"Эрдэнэт"-ийн тухай хангалттай мэдээлэлтэй болсон байх.
Тиймээс Орос төрийн өмчит “Ростех” компани “Эрдэнэт” дэх өөрийн эзэмшлийн 49 хувиа яагаад Монголчуудад зарсан бэ гэдгээс үйл явдлын өрнөлийг хөөвөл илүү сонирхолтой болов уу. Оросууд монголчуудад хайртайдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компанид зарсан юм биш л дээ. Улс орных нь эдийн засаг хямралд нэрвэгдсэн, дээр нь сүүлийн хоёр жил монголчуудаас ногдол ашгаа аваагүй болохоор оросууд “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарж мөнгө болгохыг хүссэн хэрэг. Ганц “Эрдэнэт”-ийн 49 хувийг ч биш “Роснефть”, “Газпром”-ынхоо олон обьектийг хятад, европчуудад худалдсан байдаг. Хэрэв “Монголын зэс” 400 сая ам.доллараар “Эрдэнэт”-ийн 49 хувийг аваагүй бол хэн нэгэн Ли эсвэл Жонд оросууд хувиа худалдах байсан нь тодорхой.
Угтаа "Эрдэнэт"-ийн 49 хувийг оросуудаас хямдхан авлаа гэж Улаанбаатарт Ц.Нямдорж орилох бус Кремльд В.Путин бачимдаж байх ёстой бус уу.
Гол нь оросууд хятадуудад “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарж болох байсан гэхээсээ илүү Монголын компани Монголын өмчөө худалдаж авсанд Монголын улстөрчид боож үхэх нь холгүй байгаа нь асуудал болсон. Хэрэвзээ оросууд хятадуудад хувиа зарсан бол Монголын улстөрчид Москвад хийсэн наймааг ингээд шүүгээд суухгүй байсан нь ойлгомжтой. Юу гээд л хятадууд Ч.Сайханбилэг шиг гүйж очоод Ц.Нямдоржид байцаагдаад сууж байх вэ дээ.
Зарсан нь зарга, шүүлгэ болоогүй байхад авсан нь дотроо “алалцаад” л сууж байдаг. Энэ чинь хөмөрсөн тогоон дотор амьдарч байгаа монголчуудын араншин. "Эрдэнэт"-ийг тойрсон үйл явц Монгол "монголтой"-гоо л байлддагийн тод жишээ.
Угтаа "Эрдэнэт"-ийн 49 хувийг оросуудаас хямдхан авлаа гэж Улаанбаатарт Ц.Нямдорж орилох бус Кремльд В.Путин бачимдаж байх ёстой бус уу.
Ц.Нямдорж тийм л шударга үнэний туйл юм бол “Миний хүүд туслаарай” гэж хэлснийхээ төлөө, “Эрдэнэт”-эд эцгийнхээ нэр нөлөөгөөр 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн хүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээж албан тушаалаасаа аль хэдийнэ огцорсон бол жинхэнээсээ гоё харагдах байлаа. Өөрийнх нь хэлснээр шударга үнэний төлөө сүүлийн ганц цамцаа урагдтал зүтгэмээр байгаа бол шүү дээ. Үнэндээ хоёр улсын хамтарсан үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийх эрхийг утсаар ганц яриад л олоод өгчихдөг аавтай хүү Монголд цөөхөн.
Гэвч, энэ бүх улс төржилтийн хохирогч нь өнөөдөр Монгол Улс болсон. Гадаадад байсан өмчөө худалдаж авсных нь төлөө үндэсний компаниа эрүүдэн шүүгээд, ээрээд сууж буй эрх баригчдын биш, Ц.Нямдорж, С.Раднаасэдийн биш гагцхүү Монголын нэр хүнд л гадаад “хугарч” буй хэрэг.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан авсан хууль бус гэвэл хувиа худалдсанаараа оросууд өмчөө авахаас Ц.Нямдоржийн мөрөөдөн байгаачлан Монголын төрд 100 хувь очно гэж лав байхгүй. "Ростек" компанитай "Монголын зэс"-ийн хийсэн гэрээгээр наймаа буцлаа гэхэд автоматаар Оросын талд шилжихэд хүрнэ. Харин ч наймаа буцсан гээд Монголын тал гэрээнд заасанчлан чамгүй их торгууль төлөх үүрэгтэй. Ингэхэд олон улсын бизнесийн гэрээгээр зохицуулагдсан наймааг Монголын улстөрчид өөрсдийнхөө үнэлэмжээр шийднэ гэж хаа ч байдаггүй юм.
Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус гэж Монголын парламент шийдээд Монголын 100 хувийн өмч болчихно гэж баярлах нь арай л эртэднэ. Хэрэв ингэвэл энэ нь жинхэнээсээ дээрэм болох биз.
Эцсийн эцэст хоёр улсын, хоёр компанийн хооронд явагдсан бизнесийг нууцыг дэлгэснээрээ бидэнтэй хэн наймаа хийх вэ. Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вэ?. Зүгээр л сануулъя, Монгол шившиг болоод л дуусна. Тэгээд ч улстөрчид бусдын буруу зөвийг шүүдэг субьект бүүр ч биш шүү дээ
Ж.ЭРХЭС