“Тарах цагтаа тардаггүй. Өглөө 09.00 цагаас орой 18.00 цаг хүртэл ажиллах гэрээ байгуулдаг ч ч шөнийн 22.00 цаг хүртэл ажиллах явдал цөөнгүй гардаг. Тэглээ гээд илүү цаг ажилласан мөнгө гэж олгодоггүй” хэмээн оюутан н.Бямбаа ярилаа.
Тэрбээр энэ хавар их сургуулиа төгсөх бөгөөд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж автобус, хоолны мөнгөө олдог гэнэ. Өнгөрсөн намар мөнгөний гачигдлаас болж хичээлээсээ нэг сарын чөлөө аван цагийн ажил хийхээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ханджээ. Цаг завд нь тохирсон, цалин хөлс нь ч чамлахааргүй байсан тул нэгэн зам засварын компанид өдрийн 30 мянган төгрөгөөр ажиллахаар тохиролцжээ. Хөдөлмөрийн гэрээндээ өглөөний 09.00 цагаас оройны 18.00 цаг хүртэл ажиллана гэж заасан ч 10 гаруй хоноход урьдчилгаа цалин гэж 100 мянган төгрөг л ажил олгогч өгсөн аж. Харин сарын дундуур 300 гаруй мянган төгрөг өгөөд сарын эцэст үлдсэн 400 гаруй мянган төгрөгийн цалин олгох ёстой байсан ч ажил олгогчийн зүгээс сүүлдээ элдэв шалтаг, шалтгаан хэлэх болсон байна. Тиймээс Бямбаа Залуучуудын хөдөлмөрийн төв биржид хандаж цалинг нь өгөхгүй байгаа тухай гомдол гаргасны эцэст тус компанитай таван сар гаруй муур хулгана болж байж 400 мянган төгрөгөө арай гэж увуулж цувуулан авчээ.
Түүний хэлснээр “Цагийн ажил хийхэд хүндрэлтэй асуудал олон гардаг гэнэ. Өөрт ногдсон ажлаа хийхээс гадна үндсэн ажилчид нь өөрсдийнхөө ажлыг хийхийг шаарддаг” гэсэн зовлон тоочив.
Тиймээс оюутнуудыг цагийн ажлаар хангахад ямар хууль, журам мөрддөг талаар Хөдөлмөрийн төв биржийн захирал М.Болорцогтоос тодруулахад “Хөдөлмөрийн хууль 2011 оноос хойш огт шинэчлэгдээгүй. Хамгийн сүүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болголоо. Цагийн ажлын эрх зүйн акт, зохицуулалт системийг бий болгочихвол залуучуудад маш их хэрэгтэй” гэлээ.
Хэрэв цагийн ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл тухайн ажилчин нэг цагт 1200-1300 төгрөг авахаар байна. Харин Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн тооцоогоор залуучууд дунджаар 2500 төгрөгийн цалин авдаг гэнэ. Ямар ч хуулийн зохицуулалтгүй учир цагийн ажил хийж буй залуус “бор зүрхээрээ” ажил олгогчтой хөдөлмөрийн хөлс болон ажиллах цагаа тохирдог байна. Ажил олгогчид цагийн ажилчидтай тэр бүр хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, тиймээс залилуулах, мөнгөө авч чадахгүй алдах бэрхшээл зовлон цагийн ажилчдын хувьд тулгамдсан асуудал нь болжээ. Тиймээс цагийн ажилчдын эрх ашгийг хамгаалахаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар санал боловсруулж холбогдох яаманд тавьж байсан хэдий үр дүнд хүрээгүй байна. Энэ талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзоригоос цөөн асуултад хариулт авсан юм.
-Цагийн ажил эрхэлдэг хүмүүс болон ажил олгогчидтой холбоотой ямар гомдол их ирдэг вэ. Тэдний хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчин байдаг уу?
-Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хууль санаачлах эрхгүй ч гэсэн “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль” гэсэн 6 бүлэг 10 зүйлтэй хуулийн төсөл боловсруулж тухайн үеийн Засгийн газарт танилцуулж байсан.
Ер нь бол ажил хайгчид цаг баримталж сураагүй, цаг ашиглалт муутай, ажлын хариуцлага хүлээх чадваргүй, итгэл даах найдваргүй гэсэн нийтлэг гомдол их ирдэг. Харин ажил олгогчтой холбоотой цалингийн зардлаа хэмнэж ашгаа нэмэгдүүлдэг, цагийн ажил хийгч залууст итгэдэггүй, байнгын ажилтнаас бүтээмж болон хариуцлага муутай байдаг учраас тэр болгон цагийн ажилтан авч ажлуулдаггүй гэсэн шүүмжлэл ирдэг. Тиймээс оюутны цагаар ажиллах эрх зүйн орчныг бий болгох, хөдөлмөрийн хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх буюу доод жишгийг нь тогтоох, хөдөлмөр эрхлэлтийн цахим үнэмлэх бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх арга замыг бид хайж байгаа.
-Цагийн ажил хийх сонирхолтой залуус хэр олон байдаг вэ?
-Хөдөлмөрийн төв биржид гэхэд өдөртөө ажил хайн 60-80 хүн ирж бүртгүүлдэг. Нэг өдрийн хувьд цагийн 20, байнгын 10 ажлын байр гарч ирдэг. Зарим тохиолдолд 150 гаруй ажлын байр гарах тохиолдол ч байдаг аж. 2016 оны хувьд гэхэд цагийн 13858 ажилд 2600 гаруй залуусыг тус бирж зуучилж өгсөн.
Ийнхүү ажил олгогч болон хайгч аль, аль нь асуудалтай, хүндрэл бэрхшээлтэй байгаа нь цагийн ажилд хууль, эрх зүйн зохицуулалт дутагдаж буйг харуулж байгаа юм. Цалин мөнгөний төлөө ажил хийж байгаа болохоос цагаа гарздахын тулд яваагүй шүү дээ гэдгийг залуус төрийн сонорт хүргэхийг хүсч байна.
Г.БАТТҮШИГ