ХҮМҮҮСИЙГ СЕРТИФИКАТЖУУЛНА
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Энэ жил Гадаадад ажиллах хүч илгээх төв буюу ГАХИТ-ийг татан буулгасан. Энэ ямар учиртай юм бэ?
-БНСУ-тай Монгол Улс жил бүр ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан гэдгийг хүн бүр мэдэх байх. Гэрээ байгуулснаас хойш 51 хувь нь төрийн, 49 хувь нь хувийн өмчит ГАХИТ буюу Гадаадад ажиллах хүч илгээх төв гэсэн компаниар ажилчдыг зуучлуулдаг байсан. Энэ компани нь бүртгэлийн орлогоороо санхүүждэг учир орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд хураамжийн төлбөрийг нэмж, иргэдэд дарамт учруулдаг байсан нь илэрсэн. Бүр сүүлдээ компанийнх нь үйл ажиллагааны урсгал зардал 800 сая төгрөгт хүрсэн учир шалгалтад тэнцэхгүй ч байсан хамаагүй аль болох олон хүн бүртгэх бодлого баримталж эхэлснээс болоод энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон.
-ГАХИТ-ийн хариуцаж байсан үйл ажиллагааг хэрхэн зохицуулсан бэ?
-Төр иргэдээ ажилтай болгох үүрэг хүлээсэн. Тиймээс гадаад, дотоодод гэж ялгалгүйгээр үүнийг нэг мөр болгохоор 2008 оноос хойш хөдөлмөрийн зах зээлийг бүхэлд нь шинэчлэх, Хөдөлмөрийн бирж байгуулах бодлого баримталж эхэлсэн. Ингэхгүй бол гадагшаа зуучлах, гадаадаас зуучлуулах тогтолцоо маргаан үүсгэж, ямар ч зохицуулалтгүй болчихсон байгаа юм. Тиймээс эхний ээлжинд гадаадаас ирж ажиллах хүчийг тодорхой хэмжээнд цөөлөх бодлого баримталж байна. Манай улсад ихэвчлэн Хятадаас ажиллах хүч орж ирж байгаа шүү дээ. Ингэхдээ Монголд орж ирж байгаа гадаадын ажилчид албан ёсны нэг чигийн урсгалаар орж ирэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Одоо бол хэн дуртай хүн нь Монгол Улсад ажиллах сонирхолтой гадны этгээдийг наашаа хил давуулж байна шүү дээ. Энэ нь хууль бусаар амьдрагсдын тоог нэмдэг. Нөгөө талаар Монгол Улсад ажил хайж байгаа иргэд хаана ямар ажлын байр байгааг мэдэх боломжгүй байна. Тухайлбал, ажил хайгаад Улаанбаатарт явж байгаа хүн Өмнөговьд байгаа ажлын байрны мэдээллийг авч чадахгүй байна шүү дээ.
-Монголд мэргэжлийн боловсон хүчин нэлээд дутагддаг. Цаашид ч ийм байна гэсэн тооцоо гарсан байдаг. Үүнийг зохицуулахаар ямар ажил хийж байна вэ?
-Ажилгүй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцдаг. Энэ дагуу бусад яамныхан “Бид ажлын байраа бэлэн болгочихсон байна” гээд захиалга өгөөд байдаг. Гэтэл зуучлах тогтолцоо нь байхгүй өдийг хүрсэн. Үүнээс болж ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлахад шаардлага хангахгүй гэсэн үнэлгээ авч байна. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Мянганы сорилтын сантай хамтарч хуучин техник, мэргэжлийн сургуулиудыг сэргээж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг нээлээ.
-Гэтэл гадаадад ажиллах гэсэн залуусын урсгал жил ирэх бүр улам хүчтэй болоод байх юм?
-Хөдөлмөрийн зах зээл гэдэг өөрөө их нарийн төвөгтэй ухагдахуун учир нэг асуудлын нь сөхөхөөр бусад нь дагаад хөндөгдөхөөс өөр аргагүй болдог юм билээ. Тухайлбал, ажлын байр байна уу, байна. Ажлын байранд таарсан сургалт явуулж эхэлсэн үү, эхэлсэн. Үүнийг зуучлах тогтолцоог бий болголоо. Гэтэл гадаадад гарч ажиллах гэсэн иргэдийн урсгал буурахгүй байна. Гадаадад ажиллах хүсэлтэй иргэд зөвхөн мөнгө олох гэж явж байгаа юм биш. Энэ хүмүүс өөр орны соёлтой танилцах, нийгмийн янз бүрийн дарамтыг амсахгүйгээр ажлаа хийгээд цалин авах гэсэн л зорилготой юм. Тиймээс тэднийг буруутгах аргагүй.
-Тэгвэл гадагшаа тэмүүлээд байгаа хүмүүсийн хүсч буй орчинг бий болгохын төлөө ямар ажил хийж байна вэ?
-Бидэнд гадагшаа гарах гэсэн хүмүүсийн урсгалыг хааж, хорих сонирхол байхгүй. Учир нь эрэлт хэрэгцээ нь өөрөө аяндаа бий болчихоод байхад хоривол хууль бус үйл ажиллагаа идэвхждэг. Өөрөөр хэлбэл хууль бусаар хил давах, хэн нэгний хууль бус бизнесийг өргөтгөх аюултай. Уг нь нэг хэсэг ийм хязгаарлалт хийж үзсэн. Гэхдээ үүнээс болж жинхэнэ боолын хөдөлмөр цэцэглэсэн шүү дээ. Тиймээс бид иргэдээ хамгаалахын тулд энэ урсгалыг тодорхой хэмжээнд хорихоо больж иргэдээ гурван жилийн хугацаатайгаар албан ёсоор ажиллуулж, ажиллах орчныг нь энд байгаа юм шиг хангаад дараа нь эх оронд нь эргүүлэн татах бодлого баримталж байна. Гурван жилийн дараа Монгол Улс өнөөдрийнх шиг байхгүй. Томоохон ордууд нь ашиглалтад орж, эдийн засгийн эргэлт хурдацтай болно. Өөрөөр хэлбэл, тэр үед ажиллах, мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэж байна гэсэн үг. Тухайн хүн хилийн чанадад гурван жил ажиллах хугацаандаа тодорхой хэмжээнд мэргэшинэ. Хөдөлмөрийн сахилга баттай болно. Гадаадын ажил олгогчдын үйл ажиллагаатай танилцана. Тиймээс энэ хүн эргээд ирэхдээ асар их туршлага хуримтлуулсан байх болно. Өмнөд Солонгост олон жил ажилласан хүмүүсийг сертификатжуулахаар БНСУ-ын талтай ярилцаж эхэлсэн.
-Монгол Улс уул уурхайдаа түшиглэж хөгжих нь тодорхой болсон. Гэтэл Өмнөд Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь өөр салбарт хар, бор ажил хийдэг шүү дээ. Тэгэхээр таны ярьж байгаа шиг мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэн ирж чадах уу?
-Хувийн компани иргэдийг зуучлахдаа загасны аж ахуй, далайн амьтны үйлдвэр, цагаан будааны тариалалт зэрэг ач холбогдолгүй газруудад ажиллуулдаг байсан л даа. Харин энэ жилээс бид Өмнөд Солонгосын талд “Барилга, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарт хүмүүсээ бэлтгэмээр байна” гэсэн санал тавьсан. Үүнийг Өмнөд Солонгосын тал нааштай хүлээж авсан. Тиймээс шалгалтад тэнцсэн хүмүүсийн нэрийг Өмнөд Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршуулахдаа ажиллах чиглэлийг нь заагаад өгчих юм. Ингээд дээрх чиглэлээр ажилтан хайж буй ажил олгогч нар монголчуудаас сонголтоо хийнэ.
-ГАХИТ-ийг татан буулгаж шинэ журмаар ажиллаж эхэлсэн гэж та хэллээ. Гэвч энэ жил бүртгэлийн явц өмнөх жилүүдийнхээс ялгаагүй байна шүү дээ?
-Энэ удаагийн бүртгэл хуучин системээрээ явж байгаа учир доривтой өөрчлөлт гаргаагүй. Бид олон янзын болзол тавьсан ч Өмнөд Солонгосчууд зөвшөөрсөнгүй. Гэхдээ бид хөдөө орон нутагт квот нь ихдээд, бүртгүүлсэн хүмүүс нь багадвал квотыг хүн ихтэй байгаа газарт татах зэргээр зохицуулалт хийж байгаа.
-Тэгэхээр өмнөх жилүүдэд гарч байсан шалгалтын маргаан дахин гарч магадгүй гэсэн үг үү?
-Солонгос хэлний шалгалтыг ганц ч монгол хүн оролцуулахгүйгээр солонгосчууд өөрсдөө авдаг. Өнгөрсөн жилийн хэлний шалгалтын дараа нэлээд маргаан үүссэн. Хэлний шалгалтад туслуулахаар Өмнөд Солонгосын зүгээс Монголд ажиллаж, амьдарч байгаа 200 гаруй иргэдээ дайчилсан юм билээ. Эдгээр иргэн нь монголчуудтай холбоотой байсан учир ямар нэгэн будилаан гарсан байж болзошгүй гэж бид Өмнөд Солонгосын талд хандсан. Тэд өөрсдөдөө хир халдаадаггүй хүмүүс учир “Бид тийм зүйл хийгээгүй” гээд гүрийгээд өнгөрсөн. Тиймээс энэ жилийн шалгалтыг бидний хатуу хяналтан дор явуулах санал тавьсан. Гэхдээ “Бид шалгалт авахад нь оролцохгүй. Харин шалгалт авахаар ирэх солонгосчуудынхаа тоог цөөл. Тэдгээр хүмүүсийг бид өдөр шөнөгүй дагана. Тэдэнд утас ч өгөхгүй. Энд байгаа солонгосчуудтай уулзуулахгүй” гэсэн байгаа. Үүнд Өмнөд Солонгосын зүгээс их эмзэг хандаж байгаа юм. Гэхдээ бид иргэдээ жил бүр солонгосчуудын луйварт оруулмааргүй байна. Яагаад луйвар гэсэн бэ гэхээр Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яам мэдээгүй байхад доод албан тушаалын хүмүүс нь Монголчуудын мөнгийг хувь хүний данс руу шилжүүлдэг тогтолцоог зохион байгуулчихсан байсан. Энэ асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн сайдтай уулзаж шийдсэн. Үүний үр дүнд хоёр орны яамныхан шууд харьцах боломжтой болсон. Тиймээс энэ удаагийн шалгалын үеэр асуудал гарахгүй.
-Тэгвэл ирэх оноос шинэ систем үйлчлилж эхлэх үү?
-Дараа жилийн бүртгэлээс эхлээд бүх зүйл тодорхой болно. Бид Өмнөд Солонгосчуудад “Хэлний шалгалт авахдаа ямар түвшний мэдлэгтэй хүнийг тэнцүүлэхээ тодорхой болго” гэсэн санал тавьсан. Тэд шалгуураа тодорхой болгочихвол бид “Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдээрээ дамжуулаад иргэдийг бүтэн жилийн турш бүртгэж, дуртай үедээ шаардлага хангах эсэхээ шалгуулах бололцоогоор хангаж, жинхэнэ шалгалт болоход хүмүүсээ бэлтгэсэн байя” гэж байгаа юм.
-Гадаадад ажиллах хүчээр гарч байгаа залуусын хувийн амьдрал орхигдох, гэр бүл салах явдал даамжирч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюул нүүрлээд байна. Үүнийг сүүлийн үед нэлээд шүүмжлэх болсон?
-Монголчуудыг Өмнөд Солонгост гэр бүлээр нь ажиллуулах тухай асуудлыг бид олон жилийн турш хөндсөн. Өмнөд Солонгосын тал одоо болтол нааштай хариу өгөөгүй байна. Учир нь гэр бүлээр нь ажиллахыг хүлээн зөвшөөрвөл нийгэмд нь томоохон асуудал үүсэхээс сэргийлж байгаа юм билээ. Гэхдээ бид энэ тал дээр тодорхой баталгаа гаргаж харилцан тохиролцох санал тавьсаар байгаа. Монголд ажиллаж амьдарч байгаа Өмнөд Солонгосын иргэдийг гэр бүлээрээ ирэхэд нь бид дургүйцдэггүй гэдгээ хэлж, энэ асуудал дээр уян хатан хандахыг сануулж байгаа. Гэвч энэ бүхэн маш олон хүчин зүйлээс хамаардаг учир шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Тухайлбал, монгол ажилчдыг хүлээж авч байгаа болзол бүхэн МИАТ-ын нислэг, томоохон ордуудын тендертэй холбогддог гэх мэт. Улс орон бүр өөрсдийн эрх ашгийг нөгөө талын эрх ашигтай заавал тэнцүүлэн тавьж байгаа нь бидэнд хүндрэл үүсгээд байгаа юм.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа эх оронд нь авчрахаар “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байгаа юм шиг ээ?
-“Зөгийн үүр” хөтөлбөрийн Удирдах зөвлөлд би багтдаг юм. Энэ хөтөлбөр анх “Зөгийн үүр” гэсэн нэртэй байгаагүй. Анх гадаадад байгаа монголчуудтай хамтран ажиллах зөвлөл гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулсан юм. Энэ нь хилийн чанадад байгаа монголчуудад ямар асуудал байгааг судалж, юу хэрэгтэйг нь тодорхойлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, тэднийг эх оронд нь буцаж ирэхэд туслах зорилготой байгуулагдсан. Гэтэл тухайн үед ажлын албаа гадаадад ажиллаж байсан англи хэлтэй хүмүүсээр бүрдүүлчихсэн байсан. Ямар ч ажлын ойлголт байхгүй хүмүүс байсан учир ажлын албаныхнаа халж, бүгдийг нь өөрчлөөд энэ хөтөлбөр Ерөнхий сайдын санаачилгаар “Зөгийн үүр” гэдэг нэртэй болсон. Гэтэл одоо болтол юу хийх ухаанаа олохгүй хэвээр байна. Гадаадад байгаа Монголчуудыг эх орон руу нь татах ажил хийж болно л доо. Ингэхийн тулд Хөдөлмөрийн биржтэй хамтарч ажиллах ёстой. Эхний ээлжинд бүртгэлийн ажлыг цэгцлэх ёстой. Үүний тулд Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллах ёстой юм. Харин мөнгөний араас хөөцөлдөж гадаадад гарчихаад эх орноо муулаад байдаг хүмүүс бидэнд хэрэггүй. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс л хэрэгтэй шүү дээ.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаадад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа монголчуудыг эх оронд нь авчирна гэж ярьж байсан шүү дээ?
-Тэднийг авчраад Монголд юу хийлгэх юм бэ. Монголбанкны ерөнхийлөгч болгох уу. Аль нэгэн компанийн компьютерийн дэлгүүрийн худалдагч болгох уу. Энэ бол утгагүй асуудал. Харин ийм өндөр хэмжээнд үнэлэгдэж чадсан монголчуудыг татаж авах биш тэнд нь үлдээх хэрэгтэй. Германы Канцлерын орлогч нь вьетнам хүн байдаг шүү дээ. Вьетнамчууд тэр хүнийг эх орондоо татчихвал юугаараа бахархах юм бэ. Өмнөд Солонгосчууд Бан Ги Мүнээр, Кейн улс Борак Обамагаар бахархаж байгаатай адилхан бидэнд бахархах хүн гарч ирнэ шүү дээ. Гадаадад амжилттай ажиллаж байгаа цөөхөн ч гэсэн монголчуудын чин сэтгэл нь эх орноо гэдэг учир ямар ч байсан Монгол Улсыг олон улсын тавцанд дэмжих бодлого явуулна шүү дээ. Харин энэ хүрээнд Ч.Сайханбилэг гишүүний санаачилсан Монгол хүн давхар иргэншилтэй болох тухай хуулийн төслийг батлах ёстой. Энэ бол маш чухал. Гадаадад байгаа монголчуудын ихэнх нь давхар иргэншлийг хүлээн зөвшөөрсөн улсад амьдарч байна. Тиймээс энэ бол монголчуудын асар их хүсэн хүлээж асуудал зүйл. Тэгээд ч амжилттай ажиллаж, амьдарч буй монголчуудаа “Монгол хүн” гэдгийг нь мартуулах ёсгүй биз дээ.
-Энэ хуулийг баталчихаар гадныхан олноороо Монголд суурьшина гэж яриад байгаа?
-Энэ хуулийг батлахдаа “Монгол Улсын иргэн л давхар иргэншилтэй байж болно” гэсэн ганцхан заалтыг тодотгох хэрэгтэй. Харин манай иргэншлийг хүссэн гадаадын орнуудтай тусгай хэлэлцээр байгуулах замаар энэ хуулийн хэрэгжилтийг зохицуулж болно шүү дээ. Давхар иргэншлийг зөвшөөрчихсөн атлаа гадаадын иргэний иргэншлийг улсдаа зөвшөөрөхдөө хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлний түвшин зэрэг олон шалгуурыг хангасан тохиолдолд хэлэлцэнэ гэдэг олон орон байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин