-“Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газар, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан тогтоол гаргаж, УИХ-д яаралтай өргөн барихаар болжээ-
МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.06/ шөнө дөл болтол хаалттай хуралдсан байна. Олонхийн бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах эсэх асуудлыг хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар Засгийн газар, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан тогтоол гаргаж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгожээ. Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид “Тэрэлж”-д Тавантолгой, Эрдэнэт зэрэг халуун сэдвээр хаалттай хуралдсан ч байр сууриа нэгтгээгүй учраас өчигдөр ийнхүү МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдаж, тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээлэл байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, энэ хувьчлал хууль бус үйлдэл болсон гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Засгийн газар, Хууль зүйн байнгын хорооноос хамтарсан тогтоол гаргаж, УИХ-д өргөн барина. Харин УИХ намрын чуулган завсарлахаас өмнө уг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Харин Ардчилсан намын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал өөр байр суурьтай байгаа юм. Цөөнхийн бүлэг “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж гэсэн шаардлага тавьж буй юм.
Ш.ЧИМЭГ