Galaxy Note 7-гийн шатдаг шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Galaxy Note 7-гийн шатдаг шалтгааныг тогтоожээ

Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн Galaxy Note7 утас шатсан тохиолдол өнгөрсөн онд хэд хэдэн удаа гарч тус компани энэ загварын утаснуудаа зах зээлээс эргүүлэн татаж, үйлдвэрлэлийг нь зогсоогоод байгаа. Улмаар Засгийн газрын түвшинд энэ асуудлын учир шалтгааныг олох Техникийн комисс байгуулсан юм. Комисс эхний дүгнэлтээ гаргажээ. Galaxy Note 7 утасны зай анхнаасаа гажигтай үйлдвэрлэгдсэн нь шатах шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Комиссийн дүгнэлтийг БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, байгалийн баялгийн яамны албан ёсны цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээллээ.

БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, байгалийн баялгийн яамны Техникийн комисс шалгаж туршсаны эцэст зайны тэжээлийн хэсгийн тусгаарлагч шаардлага хангахгүй байгааг илрүүлжээ. Үүнээс гадна тус утасны програмд ч бас асуудал байгааг илрүүлсэн байна. Засгийн газрын Техникийн комиссийн дүгнэлт Samsung Electronics-ийн өөрийн хийсэн дүгнэлттэй тохирсон байна.

Galaxy Note 7 загварын утсыг өнгөрсөн 2016 оны наймдугаар сарын 19-нөөс зах зээлд худалдаанд гаргасан юм. Гэсэн ч гарсан даруйдаа шатсан хэд хэдэн тохиолдол гарч улмаар есдүгээр сарын эхээр Өмнөд Солонгос, АНУ, Тайванийн зах зээлээс 2,5 сая ширхэг утсыг яаравчлан эргүүлэн татсан.

Samsung Electronics компани тус утасны зайны чанарыг сайжруулах найман зүйл бүхий хөтөлбөрийг гаднын шинжээчид, тухайлбал, Кембриж, Беркли, Стэнфордын Их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулсан тухай мэдээлсэн.

Samsung Electronics компанийн цэвэр ашиг өнгөрсөн 2016 онд өмнөх онтой харьцуулахад 16,8 хувиар буурчээ. 2015 онд тус компанийн цэвэр ашиг дөрвөн тэрбум ам.доллар байсан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж