боллоо. Энэ үеэр тус банкныхан арилжааны банкуудын дүрмийн сан, гадаадын
секторын талаар мэдээлэл өгсөн юм. Тус банкнаас мэдээлж буйгаар улсын
хэмжээнд суурь инфляци 11 орчим хувьтай байгаа аж. Суурь инфляци сүүлийн
дөрвөн сарын турш тогтмол өсч ийнхүү хоёр оронтой тоонд хүрээд байгаа
юм. Харин гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллартай тэнцүү
байгаа юм байна. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах
ханш энэ оны эхэн үеэс 0.5 хувиар чангарчээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж энэ сарын 8-нд арилжааны
банкуудын дүрмийн санг 16 тэрбумд хүргэх тухай шийдвэр гаргасан. Тэгвэл
өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр Хяналт, шалгалтын газраас энэ талаар
мэдээдэл өгсөн юм. Товчхондоо, дүрмийн санг яагаад хоёр дахин
нэмэгдүүлэх болсон талаар болон арилжааны банкуудын байдал ямар байгааг
танилцуулав. Манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа.
Эдийн засагчид дүрмийн сангаа одоогийнхоосоо хоёр дахин нэмэгдүүлэх нь
банкуудад чамгүй хүнд шахалт болох нь дамжиггүй хэмээн үзэж байгаа юм.
Гэхдээ бүгдэд нь биш. Харин дүрмийн сан нь найман тэрбум төгрөг байгаа
банкуудын хувьд ямар нэг арга зам хайх, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс
сонголт байхгүй юм. Ямартай ч төв банкныхан “Арилжааны банкуудад тийм ч
их дарамт учрахгүй болов уу” гэж үзэж байгаагаа хурлын үеэр онцлов. Учир
нь арилжааны банкуудын яг талынх нь дүрмийн сан 16 орчим тэрбум төгрөг
болон түүнээс дээш хэмжээтэй байгаа ажээ. Түүнчлэн банкуудын
хуримтлагдсан ашиг 270 орчим тэрбум төгрөгт хүрээд буй аж. Өнгөрсөн
хугацаанд иргэдийн болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зээл,
санхүүгийн үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд ийм хэмжээний мөнгө олоод
авдрандаа хийчихсэн хэрэг. Тиймээс энэ мөнгөө дүрмийн сандаа оруулчихад
нэг их асуудал үүсэхгүй хэмээн төв банк үзэж байгаа юм билээ. Харин
банкуудын дүрмийн сан одоо 275.2 тэрбум төгрөг байгаа аж. Нийтдээ 500
гаруй сая төгрөг байгаа гэсэн үг. Монголбанкны Хяналт, шалгалтын газрын
дарга Б.Лхагвасүрэн “Төв банкнаас заасан хугацаа болох 2013 оны
тавдугаар сарын 1-н хүртэл дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломж банкуудад
хангалттай байгаа. Банкуудын эргэлтэд оруулсан хөрөнгийн хэмжээ 7.5 их
наяд төгрөгт хүрсэн. Өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн гэсэн үг
юм. Ерөнхийдөө банк, санхүүгийн байгууллагын тогтвортой байдал илүү
сайжирч байна. Банкны бизнес өргөжин тэлж байна. Түүнчлэн арилжааны
банкуудын олгож буй зээлийн хэмжээ 50 хувиар өссөн. Энэ нь эх үүсвэр
хангалттай байгааг харуулж байгаа. Харилцах хадгаламж 60 хувьтай байна.
Тиймээс энэ хугацаанд ашиг орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах
зэргээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улсын эдийн засаг
сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсөж байгаа. Тиймээс энэхүү өсөлтийг
арилжааны банкууд даах уу гэдэг нь ч бас нэг асуудал. Ер нь бол дүрмийн
санг нэмэгдүүлэх цаг нь болсон гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг
гаргасан” гэж мэдээлсэн юм.
Арилжааны банк аа гэж. Банкууд иргэнд 100 төгрөгийн зээл олголоо гэж
бодоход өөрсдийн халааснаас 15 төгрөгийг нь л гаргадаг гэнэ. Харин 85
төгрөгийг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хадгалуулсан
мөнгөнөөс зээлүүлдэг ажээ. Энэ нь дүрмийн санг 16 тэрбум төгрөгт хүргэх
тухай шийдвэр гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь. Монголбанкнаас
банкны хувь нийлүүлэгч, эздийн оролцоо чухал хэмээн үзсэн. Харин өөр нэг
шалтгаан нь Монголын зах зээлд хэтэрхий олонд тооцогдох арилжааны
банкуудын заримыг нэгтгэх, тоог нь цөөлөх явдал. Улмаар жижиг банкуудыг
нэгтгэж, томсгохыг зорьжээ. Жижиг, дүрмийн сан нь найман тэрбум
төгрөгөөс хэтрэхгүй банкуудад дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотой
асуудал үүсч магадгүй. Үүнээс гарах арга зам нь өөр нэг хөрөнгө
оруулагчтай болох, эсвэл өөр хоорондоо нэгдэх ажээ. Гэхдээ энэ нь
банкуудын өөрсдийнх нь шийдэх асуудал юм.
ИМПОРТ ХУРДАЦТАЙ ӨССӨӨР БАЙНА
Монголбанкны Валют, эдийн засгийн газраас мэдээлж буйгаар барааны гадаад
худалдааны алдагдал нэмэгдэж, импорт хурдацтай өсч байгаа ажээ. Энэ оны
эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны бараа эргэлт дөрвөн их
наяд 718.3 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт нэг их наяд 992.8 сая
ам.доллар, импорт хоёр их наяд 725.6 сая ам.доллар байгаа юм. Импортын
энэхүү өсөлт нь зарим тохиолдолд эдийн засгийн хөгжлийг дэмждэг бол
заримдаа сөрөг нөлөөлөл авчирдаг ажээ. Тодруулбал, импортоор орж ирж буй
бараа нь тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн түүхий эд байвал эдийн засагт
эергээр нөлөөлдөг. Үйлдвэрлэлийг төдийгүй экспортын орлогыг ойрын
хугацаанд нэмэгдүүлбэл одоогийнх шиг дотоод худалдааны алдагдал өсч
байгаад нэг их санаа зовох хэрэггүй ажээ. Харин импортын бараанд
хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэмжээ зонхилж байвал сөргөөр нөлөөлнө
гэсэн үг юм. Ямартай ч одоогийн байдлаар Монголбанкныхны хэлсэнчлэн
тоног төхөөрөмж, түүхий эд зонхилж байгаа болохоор санаа зовоод байх
зүйл байхгүй бололтой.
Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин