Нийслэлийн газрын албанаас иргэд, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг өнөөг хүртэл таван жилээр сунгаж ирснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Энэхүү шийдвэр нь нэг талаас төрийн захиргааны байгууллага нь иргэд, аж ахуй нэгжүүддээ шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэй, нөгөө талаас газар гэдэг бол хөрөнгө оруулалт татах үнэт капитал. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ үед амьны орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй аж ахуй нэгжүүдийг дэмжих зүй ёсны шаардлага тулгараад байгааг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хурлын үеэр онцоллоо.
Ингэснээр газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд аж ахуй нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр газар эзэмших эрхийг 15 жилээр сунгах юм байна. Мөн Газрын Албаны хүнд суртал, авлигын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадлаа гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.
Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цахим газар өмчлөлийн талаар мэдээлэл өглөө:
Цахимаар газар өмчлүүлэхдээ зүгээр л сансраас авсан зурган дээр ямар нэг дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, уул овоо, жалга, голын эх гээд хүн амьдрах бололцоогүй газрууд байгаа учраас энэ асуудлыг цэгцэлснийхээ дараа цахимаар газар өмчлүүлэх асуудлыг үргэлжлүүлнэ. Мөн шинэ суурьшлын бүсүүдийг арай өөр байдлаар шийдэж байгаа. Цаашдаа бид гэр хорооллыг тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа үүднээсээ шинэ суурьшлын бүсүүдийг шугам татсан шулуухан гудамжтай, авто машины зами очсон, ус хангамж болон цахилгааны асуудлыг шийдсэн хэлбэрээр Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд шийднэ. Одоо энэ дөрвөн уулын дунд буюу хотын төвийн зургаан дүүрэгт дахин хашааны газар олгох газар байхгүй болсон гэж хэлж болно гэлээ.
Г.БАТТҮШИГ