Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг энэ оны гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлөх талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяраас тодруулаа.
-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийх вэ?
–Хөгжлийн банкнаас 2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх евро бондыг саадгүй төлөх нөхцөл байдал бүрдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор олон улсын зах зээл дээр манай мэдээлэл эергээр туссан. 2016 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкны бондын эх үүсвэр дэлхийн зах зээл дээр 15 орчим хувийн хүүтэй байсан бол өнөөдөр нэг оронтой тоонд орсон.
Цаашид санхүүгийн чадавхаа үе шаттайгаар нэмэгдүүлснээр олон улсын зах зээл дээрээс босгох бондын эх үүсвэрийн өртөг буурна. Энэ хэмжээгээр дунд хугацааны төсөл арга хэмжээг хямд зардлаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хөгжлийн банкны тухай хууль батлагдсанаар бид өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй, үр ашигтай төслүүдийг шийдэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэнэ.
–Евро бондын эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ?
-Гурван янзын хувилбараас харж байгаад хамгийн хямд өртөгтэй хувилбарыг сонгоно. Өртөг гэдэг нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад янз, янз явж байгаа. Ингээд гуравдугаар сарын 21 гэхэд аль хувилбар нь Монгол Улсад хамгийн хямд өртөгтэй байхаар гарч байна, тэр тооцооллын дагуу шийднэ.
-Гурван хувилбарыг дэлгэрүүлж хэлбэл?
-Нарийн тоочоод яах вэ. Ерөнхийдөө гуравдугаар сарын 21 гэхэд төлөгдөнө гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Нарийн тооцооллыг гаднын хөрөнгө оруулагч болон гаднын байгууллагатай ярьж байгаа асуудлаас шалтгаалах учир хугацаанаас нь өмнө хэлэх эрт байна.
Т.ДАВААНЯМ