Доналд Трампын цагаачлалын хоригийг дагаж мөрдөхөөс татгалзсан Ерөнхий прокурорыг албан тушаалаас нь огцруулжээ. Барак Обамагийн засаг захиргааны үед энэ албанд томилогдсон Сэлли Йейтс Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр Доналд Трампын зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг хууль зүйн яамны хуульчдад үүрэг болгосон байна.
“Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны … байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн бүтэн сайн буюу энэ сарын 29-ний өдөр гарчээ. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагчид ажиллаж буйг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мөрдөн байцаалтын явцад талийгаач хэргийн газарт найзуудтайгаа байсан нь тогтоогджээ. Мөн хэргийн газраас хар тамхи, мансууруулах бодисын уут, гаанс олдсон байна.
Гадаад, дотоодод дээд боловсрол эзэмшсэн залуусыг хотын удирдлагууд хамтран ажиллахыг урьж, өчигдөр /2017.01.31/ хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нээлттэй ажлын байрны өдөрлөгийг нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 02-ны өдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт болно. Энэ үеэр хотын бүтээн байгуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг Улаанбаатар хотын захирагчийн харьяаны 33 агентлаг, 40 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, шаардлагатай ажлын байранд иргэдийг бүртгэх юм.
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2017.01.31/ хуралдлаа. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргалаа гэсэн юм.
“Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр ажилласнаас хойшхи гурван жилийн хугацаанд олон улсын зах зээлд гурван сая тонн зэсийн баяжмал нийлүүлжээ. Энэ талаар өчигдөр /2017.01.31/ Шангри Ла зочид буудалд болж буй “Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн чуулган”-ы үеэр албаныхан онцоллоо. Улмаар таван жилийн дараа “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орсон тохиолдолд дэлхийд зэсийн салбартаа дээгүүрт бичигдэх боломжтойг салбарынхан нь хэлжээ.
Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Гэр бүлийнхнийх нь хүсэлтээр Гадаад харилцааны яамнаас талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн толгойн тус газар нь буудаж, хөнөөсөн байжээ. Хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөлд хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох, томилогдсон албан тушаалтан хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан билээ. Энэ үеэр байнгын хорооны ихэнх гишүүд хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.