Сарнайгийн дүрд тоглоод зэмлүүлсэн удаатай

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Сарнайгийн дүрд тоглоод зэмлүүлсэн удаатай

-Сургуулийнхаа эвлэлийн хорооны даргын хувьд нэг даалгавар авлаа гэж бодож байсан. Кинонд тоглох ямар учиртайг хожим мэдсэн-

“Мартагдашгүй намар”. Монголчуудын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн нэг. 1975 онд уг кино үзэгчдийн хүртээл болж байжээ. Монголын нэрт найруулагч Халтарын Дамдингийн энэхүү кинонд анги хамт олон, намрын ажилд дайчлагдан тариан талбайд өнгөрүүлсэн оюутнуудын хайр дурлал, адал явдлын тухай өгүүлдэг. Сангийн аж ахуйд ажиллаж ажил амьдралын амтыг мэдэрч, анхны хайртайгаа учирсан оюутан цагийн мартагдашгүй үйл явдлууд өрнөх киноны гол дүрийн нэг бол Сарнай билээ. Сарнайн дүрийг бүтээсэн Ц.Эрдэнэцэцэгтэй холбогдож, ярилцлаа. Энэ удаагийн зочин маань орон нутагт байсан учир бид утсаар холбогдсон юм.

9-Р АНГИЙН СУРАГЧ САРНАЙН ДҮРД ТОГЛОЖЭЭ

1975 оны хавар “Мартагдашгүй намар” кинонд тоглох жүжигчдийг хайж, кино багийнхан дунд сургуулиар явжээ. Тухайн үед Төмөр замын XX дунд сургуулийн сургуулиас хүүхдүүд сонгож, кино үйлдвэрт очиж шалгуулах сурагчдын дунд Ц.Эрдэнэцэцэг багтсан байна. Энэ талаар “Захирлын өрөөнд чамайг дуудаж байна гэхэд их айж билээ. Гэтэл биднийг кино үйлдвэрт очих хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн. Кинонд тоглоно гэж огт мэдээгүй очиж байсан” гэж тэрбээр дурсав.

Сургуулийн эвлэлийн хорооны дарга Ц.Эрдэнэцэцэг хичээлдээ сайн, нийгмийн идэвхтэй сурагч байжээ.

ХАРИУЦАЖ АВСАН АЖЛАА САЙН ХИЙХ ЁСТОЙ Л ГЭЖ БОДОЖ БАЙЛАА

Зуны амралт эхлэх үеэр кино зургийг авчээ. Хөдөө ч очиж үзээгүй гол дүрийн эзэн маань их олон бэрхшээлтэй тулгарснаа хэлж байв. Зураг болгон дээр олон зөвлөхтэй байлаа. “Би бол өөрийгөө сургуулиасаа нэг даалгавар аваад явж байна даа гэж бодож байсан. Үнэндээ кинонд тоглож байна гэж ер төсөөлөгдөхгүй байсан. Тухайн үед  их дэгтэй байжээ. Хариуцаж авсан ажлаа сайн хийх ёстой л гэж бодож байснаас олны танил болно гэж төсөөлж ч байсангүй. Мэдэхгүй, чадахгүй зүйл их гарч байсан. Гэхдээ бүгд зөвлөж, зааж байсан болохоор оногдсон дүрээ сайн гаргаж ирэхийг л чармайсан” гэсэн юм. Үнэндээ 9-р ангийн сурагч охин хайр дурлал, гэнэн томоогүй шохоорхлыг мэдэхгүй учраас яг юу хийгээд байгаагаа ч ойлгоогүй гэдэг. Кинонд Б.Батзаяа, Д.Ганхуяг, Ц.Энхболд гээд жүжиглэх авьяастай мундаг хүүхдүүдтай хамт тоглосон их дэмжлэг болсныг ч дурслаа.  Хөдөө огт явж үзээгүй хотын охинд    “Мартагдашгүй намар” бол амьдралынх нь нэг сайхан дурсамж болон үлджээ.

ЭМЭЭГЭЭ КИНОНЫ НЭЭЛТЭД УРЬЖ, ЗАГНУУЛСАН УДААТАЙ

Зураг авалт 1975 оны зун эхэлж, намаржингаа үргэлжлэн өвөл нь кино  нээлтээ хийжээ. Ц.Эрдэнэцэцэг киногоо  үзэхээр очихдоо эмээгээ дагуулан явснаа одоо ч дурсаж сууна. Тухайн үедээ хайр сэтгэл гээд "их хүнд" сэдэвтэй кинонд тоглосон болохоор аав, ээжийгээ дагуулан явахаас санаа зовжээ. Гэтэл киног нь үзсэн эмээ нь гэртээ ирээд охиноо яагаад ийм кинонд тоглуулав гэж аав, ээжийг нь зэмлэсэн байна. Удалгүй кино олны хүртээл болж, Ц.Эрдэнэцэцэгийг танихгүй хүнгүй болсон гэнэ. “Аав, ээжийг эмээд загнуулснаас хойш их санаа зовж байлаа. Кино дэлгэцэд гарч ирсний дараа би удалгүй олны танил болсон. Орой үдэш явахад их хэцүү санагдаж байлаа. Гэхдээ оюутан цагийн сайхан дурсамж өгүүлэх кино байсан учраас дараа нь их тайвширсан даа" гэсэн юм.

ТҮҮХИЙН БАГШ БОЛСОН САРНАЙД ДАХИН КИНОНД ТОГЛОХ САНАЛ ИРЖЭЭ

“Мартагдашгүй намар” киноны Сарнайн дүрийг бүтээсэн Ц.Эрдэнэцэцэгт 10-р анги төгсөхөд нь Москвад суралцах урилга иржээ. Тэрбээр хуучнаар ЗХУ-д дээд сургуульд таван жил суралцаж, түүхийн багш мэргэжлээр төгссөн байна. Тухайн үед түүнд 2-3 кинонд тоглох санал ирж байсан ч сургуульдаа суралцахаар болж, тоглоогүй байна. Учир нь кинонд тоглоно гээд чөлөө авах юм бол сургуулиас хөөгдөх аюултай учраас тэр тоглоогүй байна. Сургуулиа төгсөж ирээд жвлэлийн байгууллага, ХААИС-д ажиллаж байгаад хувиараа бизнесийн салбарт хүчин зүтгэжээ. Түүний ханийг А.Энхтайван гэдэг. Тэд хүү, охинтой бөгөөд өдгөө ач, зээгээ хараад гэрт сууж байна гэсэн юм. “Манайх 19-р хороололд байдаг байсан. Манай нөхөр бид нэг байрных. Багын бие биеэ мэдэх учраас гэр бүл болсондоо. Одоо хүү, охин маань том болж, бид ач, зээгээ хараад гэрийн хүн боллоо. Сарнайн дүрийг бүтээж, өөрийнхөө залуу насыг дэлгэцэд мөнхөлсөндөө одоо ч баярлаж сууна. Тухайн үед эмээ, аав, ээждээ хайр сэтгэлтэй кинонд тоглолоо гэж зэмлүүлж байсан ч одоо эргээд харахад сайхан дурсамж үлдсэнээс гадна залуу сайхан насаа мөнхөлж чадсандаа баярлаж байна” гэсэн юм.

“Мартагдашгүй намар” киноны гол дүр болох Сарнайн сэтгэлийн хямрал, гуниг гутрал нь энэ киног чимж өгдөг. Сарнай хайртай залуу нь өөр бүсгүйтэй бүжиглэж байхыг хараад гутарч ганцаар уйлах энэ агшин киноны оргил хэсэг билээ. Намрын дурсамж, оюутан цагийн анхны ажил, тариан түрүүн, залуу насны хайр дурлал гээд олон дурсамж өгүүлэх “Мартагдашгүй намар” киноны энэ удаагийн зочинтой бид эргэн уулзах болно.

МАРТАГДАШГҮЙ НАМАР /1975 он/

  • Ерөнхий найруулагч: Х.Дамдин
  • Зохиогч: М.Жавган
  • Зураглаач: Д.Баттулга
  • Зураач: Д.Буяндэлгэр
  • Хөгжмийн зохиолч: Д.Жанчив

ГОЛ ДҮРД:

  • Сарнай – Ц.Эрдэнэцэцэг
  • Ганзориг – Д.Ганхуяг
  • Туул – Д.Наран
  • Баярсайхан – Ц.Энхболд

“МАРТАГДАШГҮЙ НАМАР” КИНОНЫ САРНАЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж