Мэдээж энэ том зорилгод хүрэхийн тулд чамгүй өндөр шалгуурыг давсан байх учиртай. Гэхдээ дааж давшгүй шалгуур биш ээ. Энэ талаар “Оюутолгой” ХХК-иас “Шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-ийг дэлгэрэнгүй танилцуулах мэдээллийн өдөрлөгийг шинэ төгссөн оюутнуудад зориулан зохион байгуулж байсан билээ. Гол шалгуур нь юуны өмнө өнгөрсөн нэг жилийн дотор дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль эсвэл гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн байх ёстой.
Уул уурхайн, механикийн инженер, цахилгааны, барилгын, ашигт малтмал баяжуулалтын инженер, хими, геологи, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хүний нөөц, санхүү, мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа зэрэг мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй байхыг эн тэргүүнд шаардана. Тэр тусмаа суралцсан хугацаанд голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (голч дүн 4.0 хүртлэх томъёоллоор) ёстой. Мэдээж англи хэлний тодорхой мэдлэгтэй байх, мөн одоогоор Оюу Толгой ХХК-д ажиллаагүй байх зэрэг шалгуурыг тавьсан байна. Тодорхой мэдээлэл авах буюу уг хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах маягтыг “Оюутолгой” ХХК-ийн цахим хуудаснаас авч болох ажээ.
Тус компанийн зүгээс сурах өндөр хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйд амжилтад хүрэх чин хүсэлтэй, оюуны өндөр чадавхитай, ирээдүйд ажил мэргэжлийн хувьд өсөж дэвших зорилготой, мөн аюулгүй ажиллагааг чанд баримтлан ажиллаж чадах залуусыг энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргахыг уриалж байгаа. Хөтөлбөрт оролцохыг хүссэн өргөдлөө гаргахдаа өргөдлийн маягт болон бусад нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Харин хөтөлбөрийн шаардлагыг хангасан шинэ төгсөгчдийг эмнэлэгийн үзлэгт хамрагдсаны дараа “Оюутолгой” ХХК гэрээ байгуулах гэнэ.
Өргөдлийг хүлээн авч сонгон шалгаруулах зарчим нь тун тодорхой. Өргөдлийг хянан үзэхдээ сурлагын дүн, мэргэжлийн зэрэг, хичээлээс гадуурх болон нийгэм олон нийтийн арга хэмжээнд хэрхэн оролцдог, ажлын туршлага зэргийг харгалзан үзэх болно. Хамгийн чухал нь өөрийн ур чадвараа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх чадавхи, хүсэл эрмэлзэлтэй эсэхэд ихээхэн анхаарах ажээ. Хэрэв тухайн оролцогчийн өргөдөл эхний шатанд амжилттай шалгарвал тус компанийн зүгээс таныг ярилцлагад урих болно. Мэдээж ярилцлагад амжилттай оролцсон бол шинэхэн төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт оролцох боломж нээгдлээ гэсэн үг. Дашрамд дурьдахад амжилттай оролцсон нэр дэвшигчид эмнэлэгийн үзлэгт хамрагдах ёстой. “Оюутолгой” ХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт тэгш боломж олгон, сонгон шалгаруулах үйл ажиллагаа шударга, ил тод явуулдаг. Тиймээс шалгаруулах комисс нь ажилтан болон хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг гаргахдаа ямар нэг зуучлагч хувь хүний оролцоог огт хамааруулдаггүй. Энэ талаар тус компанид одоо ажиллаж байгаа, тэтгэлэгт хөтөлбөр, бусад төслүүдэд хамрагдсан хүмүүс баталдаг.
Ойрын гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд 5000 гаруй хүнийг 23 мэргэжлийн чиглэлээр суралцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Үүний дагуу боловсролын салбарт 114 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Үйлдвэрлэлийн үе шатанд “Оюутолгой” компанийн нийт ажиллагсдын 90-ээс дээш хувь нь монголчууд байх зорилт тавиад буй. Энэ зорилтыг хангахад тус компаниас хэрэгжүүлж буй хөтөлбөр хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Мөн тус компаниас 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулсан.
Ийнхүү “Оюутолгой” ХХК оюуны хөрөнгө оруулалт хийх ариун үүргээ тасралтгүй биелүүлж байгаа нь олны талархал хүлээж буй. Наад зах нь нэгэн үе зогсонги байдалд ороод байсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүдийг сэргээх, шинээр барих ажилд нийт 78 тэрбум зарцуулан Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч байна. Саяхан Налайх дүүрэгт шавыг нь тавьсан таван сая ам. долларын төсөвт өртөгтэй МСҮТ-ийн цогцолбор л гэхэд 6-7 мэргэжлээр нэг хичээлийн жилд 400 орчим оюутан, 40-50 багш бэлтгэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Хичээлийн болон дотуур байр, спортын танхим, хөлбөмбөгийн талбай, дадлага хийх иж бүрэн төвтэй. Түүнчлэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойрын МСҮТ-үүдийг шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын хөтөлбөр боловсруулах арга хэмжээ авч байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж буй.
“Оюутолгой” ХХК Өмнөговь аймгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах үүргийнхээ хүрээнд Эрдэнэт хот дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль, МСҮТ, “Вагнер Ази” компанийн хүнд машин механизмын сургалтад 140 гаруй хүнийг нэг жилийн тэтгэлэгт сургалтад хамруулжээ. Ер нь таван жилийн хугацаанд 314 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлсэн гээд бодохоор мэргэжлийн боловсон хүчинтэй болоход хэчнээн их анхаарч байгаа нь тодорхой байгаа биз.
Мөн ажилтнаа бэлтгэх төлөвлөгөөнийхөө дагуу энэ оны хоёрдугаар сард баяжуулалтын өргөн мэргэжлээр дахин 60 суралцагч сонгон авч, Дарханы Политехникийн коллежид сургалтаа эхлүүлжээ. Сургалтад хамрагдсан залуус бүх зардлаа даалгахын зэрэгцээ сар бүр 250 ам.долларын тэтгэлэг авч байгаа. Ийнхүү “Оюутолгой” ХХК олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Монголын үндэсний мэргэжилтэн бэлтгэх өргөн хүрээтэй, далайцтай, үр дүнг нь хэдхэн үгээр цэгнэх аргагүй том хөтөлбөр хэрэгжүүлж байна.
"Улс төрийн тойм" сонин