“Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны … байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн бүтэн сайн буюу энэ сарын 29-ний өдөр гарчээ. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагчид ажиллаж буйг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Мөрдөн байцаалтын явцад талийгаач хэргийн газарт найзуудтайгаа байсан нь тогтоогджээ. Мөн хэргийн газраас хар тамхи, мансууруулах бодисын уут, гаанс олдсон байна. Тиймээс цагдаа нар 12 залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Улмаар тэдний шээс, цуснаас шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохоор хуулийнхан ажиллаж буйг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ.
Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж буй. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм. Үүний дараа талийгаач залуу амиа хорлосон уу гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг нь тогтоогдоно.
Д.УУДАМ