Ядуу Монголын ”өгөөмөр” иргэд

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Ядуу Монголын ”өгөөмөр” иргэд

-Өрөө дарчих хэмжээний өгөөмөр сэтгэл бидэнд байгаа ч хандив хэрэгтэй эсэхийг Ерөнхий сайдын амнаас л сонсмоор байна-

Найман настнаас эхлээд настан буурлаа хүртэл хандив өргөж, улс орноо бондын өрнөөс чөлөөлөх санаачилгыг Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав гаргаж, хэвлэлийн бага хурал хийж, хүмүүсийн уриалсан нь хоёр өдрийн өмнөх явдал. Тэрбээр хандивын аяныг санаачлаад орхилгүй, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө дээж болгон өргөсөн юм.

Түүний санаачилга эхэлсэн даруйдаа дэмжлэг авч, хөрөнгө бэлтнүүд хандив тусламж өгч эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгийн хандивыг хувиасаа өгч байгаагаа өчигдөр /2017.01.31/ сэтгүүлчдэд мэдэгдсэн бол "МОННИС" групп 100 сая төгрөг, "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивласан гэсэн мэдээлэл цацагдлаа. Ж.Дэлгэрсайханы хамт сэтгүүлчидтэй уулзсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж байгаад хандив өргөнө гэсэн юм. Төрийн түшээд бүхний түрүүнд явах ёстойгоо ухамсарлан хандивын аянд бушуухан нэгдсэн нь сайн хэрэг боловч аливаа зүйл хоёр талтайг нягтлаагүй түргэдсэн хэрэг байсныг энд өгүүлэхийг зорилоо.

Б.Осоргарав гуайн санаачилга ч, онгирч араас нь хандивлагчдын хувьд ч “Санаа нь сайхан ч, арга нь буруу” гэгч болов. Бондын өрийг хандиваар дарах гэсэн нь төр засаг өрөө төлж чадахгүйд хүртлээ доройтсон гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2017.01.31/ ахмад эдийн засагчийг Төрийн ордонд урьж уулзахдаа “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна" хэмээн өгүүлжээ.

Эндээс Ерөнхий сайд гавьяат эдийн засагчийн санаачилгыг буруутгаагүй ч олон нийтийн хамарсан хандиваас эелдгээр татгалзсан хэрэг болов. Улс орноороо гуйлга гуйх хэмжээнд хараахан хүрээгүй гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ. Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр “Монгол Улс бондын өр төлбөрөө хугацаандаа төлнө гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно” хэмээн манай агентлагт мэдээлснээс үзвэл эдийн засгийн хямралын ёроолд нь тултал уруудчихаагүй гэдгийг илтгээд байна бус уу.

Ерөнхий сайдаас аминчлан хүсэхэд үнэхээр байдал хүнд байгаа бол нуулгүй мэдэгдээч.

Үүнийг эгэл иргэд, ахмад настнууд мэдэхгүй. Ахмад эдийн засагчийн хувьд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад түргэдсэн алхам хийсэн байж болно. Харин хамтдаа төр түшилцэж яваа, цагийн аясын үнэлгээг гаргаахгүй мэдэж байх учиртай УИХ-ын гишүүд будилж явааг хэрхэн ойлгох вэ. Тэдгээр хүмүүсийг Ерөнхий сайдтайгаа санал нийлэхгүй байна гэж ойлгож болохоор байгаа юм. Гүйцэтгэх засаглал нь эдийн засгаа хандив тусламжгүйгээр өөд нь татаж дийлэхгүй гэдэгт итгэсэндээ тэд хандив өргөж явна биш үү. Түүнээс төрийн түшээ хүн нэр төр олох гэж, нийт олонход сайхан сэтгэл төрүүлэх гэсэндээ хандивын аянд нэгдээгүй байлтай. Нэлээд хэмжээний хандив амлахдаа бэл бэнчингээ гайхуулах гээгүй нь лавтай. Тэдгээр хүмүүсийг тэр хэрийн хандив өгөх боломжтой гэдгийг захын иргэн ХОМ-ээс нь харж байгаа. Нэг биш нэлээд хэдэн гишүүн, эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүсийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал хандив тусламжаас татгалзахгүй хэмжээнд очсоныг илэрхийлээд байгаа юм биш үү. Тиймээс Ерөнхий сайдаас аминчлан хүсэхэд үнэхээр байдал хүнд байгаа бол нуулгүй мэдэгдээч. Ард олноосоо хандив гуйх нь ичгэвтэр гэж үү. Нэрэлхээд нэрээ идэх биш гэж үг бий. Дэлхий нийтийн хэмжээнд Монгол Улс өр зээлээ төлж дийлэхгүй байна, Грекийн араас орлоо гэж дуудуулж байснаас нийтээрээ ээмэг бөгж, хөөрөг гаансаа хандивлаад ч бол нэр цэвэр үлдье л дээ. Хөөрөгний үнэтэй даалин барьдаг эрчүүд, машины үнэтэй ээмэг зүүдэг хүмүүс та бидний дунд зөндөө бий. Үнэхээр улс орон маань хэцүүдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэх юм бол бүгдийг эс ч хагасыг хандивлах өгөөмөр сэтгэл монгол хүн бүрд бий. Гэхдээ онцгой нөхцөлд, төр засгийг тэргүүлж буй хүмүүс албан ёсоор хандив хүссэн тохиолдолд шүү дээ. Улс орноороо цагаан сараас татгалзаад, тэр мөнгөөрөө бондын өрөө төлсөн ч болохгүй зүйлгүй. Б.Осоргарав гуайн санаачилгыг дэмжигчдийн тоо 100 мянга давсан гэж өчигдөр мэдэгдсэн нь улс орон хэцүүдсэн үед монголчууд эвлэлдэн нэгдэхэд бэлэн байгааг харуулна.

Гэхдээ бодууштай, нягтлууштай зүйл олон байгаагийн нэг нь хандив. Хандив өргөх, хандиваар асуудлыг шийдэх үзэгдэл хаа сайгүй тарчихаад байгааг эргэцүүлж нэг нягталмаар. Бусдын төлөө гэсэн өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл болсон хандиваар хачир чимэг хийн улс төрийн болоод бусад карьераа өсгөгчид олон болжээ. Бондын өр төлөх хандивын аянд оройлон оролцогч нэгэн түшээд хандан “Тэр хандивлаад байгаа их мөнгөө туслан гүйцэтгэгч компанийн ажилчдадаа өгөөч ээ. Бид цалингүй хэцүүдлээ. Ажлын хөлсөө авмаар байна” хэмээн үг дайсан байх юм. Өмнөх үүргээ биелүүлээгүй, өөрийн амьдралаа цэгцлээгүй байж, өрөөл нэгний төлөө хандив цуглуулж яваа үйлдэл нь “Бусдын хэрэгт хошуу дүрсэн”, эс бөгөөс бусдад тусалсан буяны үйлээрээ нэр хүндээ өсгөх гэсэн овжин зан мэт харагдах вий.

Гурван саяулаа өглөгийн эзэн болж, өрөө дарчих хэмжээний өгөөмөр сэтгэл бидэнд байгаа ч хандив хэрэгтэй эсэхийг Ерөнхий сайдын амнаас л сонсмоор байна.

Хэрэггүй аваас хандив цуглуулах аяныг албан ёсоор цуцална уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж