Энэ хууль хэзээ батлагдахыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулахад, "Энэ жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдэж амжсангүй, ирэх намрын чуулганаар хэлэлцэгдээд батлагдчих болов уу" гэсэн хариултыг өгсөн юм. Төрийн байгууллагад өөрсдийн мэдээлэл, үйл ажиллагаа цахим хэлбэрээр хүргэхдээ баталгаажуулах үүднээс цахим гарын үсгийг ашиглана.
Цахим гарын үсгийн хэрэгцээ, шаардлага зайлшгүй тулгараад байна уу?
Цахим гарын үсгийн хэрэгцээ, шаардлага бий болжээ
Монголын интернэтийн хэрэглэгч нэг саяд дөхөж байна. Эдийн засаг, санхүүгийн салбарт цахим бизнес, банкны үйлчилгээ өргөн нэвтэрсэн. Энэ үйлчилгээнүүдэд бүртгүүлсэн, үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн тоо 300 мянгад хүрээд байна.
Цахим гааль, цахим татварын үйлчилгээ авдаг хувь хүмүүс, хуулийн этгээд 200 мянгад хүрчээ. Интернэт худалдаа, банк, үнэ хаялцуулах худалдаа, зуучлал, тендер хөгжиж байна. Энэ бүхэн нь талууд хоорондоо биечлэн уулзаж, үйлддэг харилцаа биш учраас бие, биеэ таньж баталгаажуулах шаардлага зайлшгүй тулгардаг. Үүнийг шийдэх шийдэл цахим гарын үсэг. Монгол улсад тоон гарын үсгийн зохицуулалт байхгүйн улмаас төрийн удирдлагад цаасгүй технологи нэвтрүүлэх, цахим бизнес хөгжүүлэх, хувь хүний мэдээллийн эрх, эрх чөлөөг хангах, олон улсын түвшинд цахим баримт бичиг солилцоход ихээхэн саад учирч байна. Энэ бүх саадыг цахим гарын үсгийн тусламжтайгаар даван туулах бололтой.
Цахим гарын үсэг нэвтэрснээр цаг хугацаа, хөрөнгө хэмнэгдэнэ
Цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс төрийн байгууллага хооронд өгөгдөл, мэдээлэл солилцохын тулд төсвийн болон олон улсын санхүүжилтээр холбосон шилэн кабель татах нэрээр ихээхэн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна.
Тоон гарын үсгийн хууль батлагдсанаар шууд холбосон сүлжээ татах шаардлагагүй ихээхэн хөрөнгө хэмнэх боломжтой.
Цахим хэлбэрийн мэдээллийн үнэн зөвийг цахим гарын үсгээр баталгаажуулдаг
Цахим хэлбэрээр баримт бичиг солилцох нь цасан тээгч дээрх баримт бичгээс эрс ялгаатай. Ажил хэргийн харилцаа, төрийн удирдлагад цахим хэлбэрээр өгөгдөл, баримт бичиг солилцох ажиллагааг нэвтрүүлсэнээр маш олон давуу тал, хэмнэлт гардаг. Хэдий тийм ч цахим мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах, илгээсэн этгээдийн гарын үсэггүй бол хүчин төгөлдөр бус байдаг. Энэ асуудлыг тоон гарын үсгийн хэрэгслүүд ашиглах замаар шийддэг.
Цахим гарын үсгээс улбаалан шинэ байгууллага үүснэ
Цахим гарын үсгийг гэрчилгээжүүлэх байгууллага байгуулагдсанаар энэхүү гарын үсэг хэрэгжинэ. Бие даасан байгууллага учраас тогтолцоо, техник, эдийн засгийн шаардлагууд, програм хангамж, тусгай зөвшөөрлийг боловсруулах хэрэг гарна. Зөвхөн байгууллага байгуулагдаад зогсохгүй тоон гарын үсгийн хэрэглээг төрийн удирдлагад нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг сургах, нийгмийн бусад харилцаанд нэвтрүүлэх, сурталчлах зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх шат дараалсан олон ажлууд хийгдэнэ.
Цахим гарын үсгийн хуультай уялдан 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно
Цахим гарын үсэг батлагдсанаар Иргэний хууль, Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бүртгэлийн ерөнхий хууль зэрэг арав гаруй холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулна.2011 оны 6 дугаар сарын 16-нд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан.
Энэхүү хуулийн 15-р зүйлийн 2-т гэж заажээ.
Цахим гарын үсэг зурна гэсэн хуулийн тодорхой заалт байгаа ч энэ гарын үсэг нь одоо хүртэл хэрэгжээгүй байгаа нь энэ хуулийн заалтын хэрэгжилтийг ч уяж иргэд нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ авах эрх нь хойшлогдож байна гэсэн үг.
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдвал, үүнээс хойш хоёр жилийн улсын төсөвд нэвтрүүлэлт, ашиглалтын зардлыг суулгахаар болжээ.