Шашин сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулах журам 2009 онд батлагдан мөрдөгдөж байна. Тэгвэл энэхүү журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж тэргүүлэгчдийн хурлаар журам боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Орхон аймагт өнөөдрийн байдлаар нийт 27 шашны байгууллага бүртгэлтэй байна.
Үүний 2 бөөгийн, буддын-9, исламын 1, христын шашны 15 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд нь Шашин сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулах журам буюу монгол улсын төр сүм, хийдийн харилцааны тухай хуулийг хэрэгжүүлэх, Орхон аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох цуцлах хугацаа сунгах, болон тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг мөрддөг.
Журмын төсөл боловсруулах ажлын хэсгээс өнгөрөгч хугацаанд 5 удаагийн хурал зохион байгуулж, шашны байгууллагуудын болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авч, Баян-Өндөр сумын багийн иргэдийн дунд уулзалт зохион байгуулж ажилласан байна. Тухайлбал шашны байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хөрөнгө, мөнгөний маргаан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг ил тод болгох, сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүд бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой гэх мэтчилэн саналуудыг оруулахаар хэлэлцэн боловсруулж байна.
Сүм хийд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг АИХ-аас 3 хүртэл жилээр зөвшөөрөл олгож, үүний дагуу иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас оршин суух үнэмлэх олгож үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байна.Хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулсан тохиолдолд монгол улсаас албадан гаргах арга хэмжээг авдаг гэнэ. Орхон аймагт буддын болон христийн шашны байгууллага зонхилон үйл ажиллагаа явуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN