“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу бокс, жүдо чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явагдаад байна.
Өнгөрсөн ням гаригт явуулсан Жүдо бөхийн шигшээгийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтын дүнг өнөөдрийн байдлаар Биеийн тамир, спортын газрын харьяа Шигшээ багийн албанд хараахан танилцуулжэ амжаагүй байна.
Нийт есөн хүн оролцсон уг шалгаруулалтад Риогийн олимпийн циклд жүдочдын ахлах дасгалжуулагчаар ажилласан О.Балжинням хамгийн өндөр оноо авчээ.
Есөн дасгалжуулагчийг Х.Эрдэнэт-Од, Х.Цагаанбаатар, Д.Баттулга, Г.Дашдаваа нар оноогоор удаалсан байна.
Жүдо бөхийн холбоо эдгээр дасгалжуулагчдын авсан оноо, холбооны байр суурийг нэгтгэн, Шигшээ багт танилцуулах тул удахгүй жүдо бөхийн залуучуудын болон насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчдын нэрс албан ёсоор тодорно.
Сонгон шалгаруулалтад оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгалт өгдөг юм.
Б.ЭНХ