Хяналт шалгалтаар цахилгаан хангамжийн найдваржилтын нэгдүгээр зэрэглэлд хамрагдах нийт 266 аж ахуйн нэгж, байгууллагын 465 цэг байгууламж,189 инженер техникийн ажилтнуудыг хамруулсан байна. Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн найдвартай бэлэн байдлыг хангуулж зөрчил арилгуулах тухай дүгнэлт, хугацаатай албан шаардлагыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ч.Мөнхбаярт болон аймгийн засаг дарга нарт, мөн Онцгой байдлын ерөнхий газарт, “МҮОНРТ”-д хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
1. Төрийн ордон, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлууд зэрэг хэрэглэгчдийн цахилгаан хангамж нь найдваржилтын нэгдүгээр зэрэглэлийн шаардлагын төвшинг хангаж байна.
2. Харин төрийн захиргааны төв болон аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага бүрэн хангахгүй.
3. Аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь үүргийнхээ дагуу хангагчаас хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний найдвартай байдлыг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа хууль, журмын шаардлагын төвшинд зохион байгуулж хэрэгжүүлээгүй.
4. Цахилгаан эрчим хүчний найдваржилтийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны бэлэн байдалд хийсэн хяналт шалгалтаар “Эрчим хүчний тухай” хууль, дүрэм, журмын хэрэгжилт 28.5 хувьтай байгааг тогтоожээ.
Мөн улсын онцгой чухал объектүүдийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг орчин үеийн техник, технологоор шинэчлэн үйлчилгээний төвшинг хангах, схемийг найдваржуулах, засвар үйлчилгээг тогтмолжуулах, өөрийн эх үүсгүүртэй болоход шаардлагатайг холбогдох албаныханд мэдэгдсэн байна.