Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өнөөдөр өвчний улмаас таалал төгслөө.
Цусны хорт хавдартай болох нь оношлогдож, улмаар өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан тэрээр цэл залуу 37 насандаа бурхны орныг зорилоо.
2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Энэ хугацаанд комүсүби цолтой гурван башёд барилдаж, уран барилдааны шагнал нэг удаа хүртэж байв. Тэрээр 2004 онд Японы иргэн болсон юм.
Токитэнкү А.Хүчитбаатарын өвчний талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн юм. Улмаар хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн наймдугаар сард зодог тайлах шийдвэр гаргасан.
Тухайн үед Токитэнкү “Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа.
А.Хүчитбаатарын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
С.ЦЭЛМЭГ