УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49-ийн асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний асуудлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар саналаа нэгтгэсэн байна.
Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс үзэж байна.
Өнөөдөр Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нэн ялангуяа иргэдийн халдашгүй байдалд ямар өөрчлөлт орох, цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орох талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ.
Дотоодын цэргийн тухай хуулиар мөн тайлбар авлаа. Хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаалт цуглааныг хамгаалахад төлөвшөөгүй байдаг. Энэ асуудал яаж хандаж байгааг хууль санаачлагч нараас тодруулсан. Дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Тиймээс бид энэ асуудлыг эргэн харж, хууль санаачлагчтай хамтарч ажиллан, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй хэмжээнд хэлэлцэхээр болсон хэмээн мэдээлэв.
Т.НОМИН