Хятад улсад билгийн тооллын Хаврын баяр үргэлжилж байна. Бүтэн долоо хоног үргэлжилдэг баярын амралтын өдрүүдэд өмнөд хөршийнхөн халуун ам бүлээрээ цуглан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч энэ цугларалт гэрлэх насанд хүрсэн ч ганц бие байгаа залуусын хувьд хүндхэн өдрүүд байдаг.
Орчин цагт залуус мэдлэг боловсрол, карьертаа илүү анхаарч, гэр бүл зохиох гэж яарахгүй болсон. Харин энэ нь ахмад настнуудын хувьд энэ нь хэвийн бус үзэгдэл. 20 гарсан бүсгүй, залуу хүнтэй суугаагүй байвал хөгшчүүд тэднийг яг л “эвэртэй туулай” үзсэн мэт харж, асууж шалгаах нь элбэг. Ахмад настан, хамаатан садныхны гэрлэлт, гэр бүлийн үнэ цэнийн тухай хэдэн цаг үглэхийг сонсож тэвчих нь Хятадын залууст “эрүү шүүлт” мэт санагдах аж. Энэ байдлаас үүдэн Хятадад найз бүсгүй/залуу түрээслэх үйлчилгээ эрэлттэй бизнес болжээ.
Техник технологи өндөр хөгжсөн энэ үед 'Hire Me Plz' гэх мэт ухаалаг утасны аппликейшн ашиглан дурын найз бүсгүй/залууг хэдэн цаг эсвэл хэдэн өдрөөр түрээслэн авч болох аж. Найз бүсгүй хайсан эрэлтэд тулгуурлан бүсгүйчүүд 1-999 юанийн хөлсөөр оройн хоол идэх, эцэг эхтэй нь уулзах, даалуу тоглох, хөл барих зэргээр “цагийн ажил” хийх боломж бүрджээ. Найз бүсгүй/ залуу түрээсийн үйлчилгээнд секс багтдаггүй.
Хятадын Цагаан сарын үеэр царайлаг бүсгүйчүүдийн өдрийн ажлын хөлс 3000-10000 юань хүрч өсдөг байна. Тус аппликейшныг үүсгэн байгуулагч Цао Тиантаины мэдээлснээр Цагаан сарын үеэр хэрэглэгчийн тоо огцом өсдөг аж. “Hire Me Plz” апп-аас гадна өөр таван болзоо тогтоох апп Хятадад үйл ажиллагаа явуулдаг аж. Тус апп анх 2015 онд гарснаар 700 мянган хэрэглэгчтэй болсны дээр “WeChat”-тай хамтарснаар 1.7 сая хүнд хүрэх болсон байна. Одоогоор Хятадад энэ төрлийн харилцааг зохицуулсан тодорхой хууль байхгүй нь аюулгүй байдлын асуудал дагуулж болзошгүй талаар хуульчид анхааруулдаг байна. Цахим болзоо тогтоох үйлчилгээг Хятадаас гадна Өмнөд Солонгост “Soulmate”, Сингапурт “Pally Asia” зэрэг вэбхуудас үзүүлдэг байна.
Б.ТУЯА