Г.Шижир: БНАСАУ-д жуулчлах иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангана

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Г.Шижир: БНАСАУ-д жуулчлах иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангана

Манай улс БНАСАУ-ын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн түүхтэй. Гэхдээ олон улсын тавцанд Хойд Солонгос хэзээд хаалттай улс хэвээр байгаа билээ. Харин энэ улстай танилцах боломжийг холбогдох газруудаас нээж өгч, БНАСАУ-д зочлохыг уриалж байна. Энэхүү аялалыг Байгаль Орчин аялал жуулчлалын яам, БНАСАУ-ын Аялал жуулчлалын газ­рын хамтын ажиллагааны хү­рээнд Улаанбаатар–Ардчилсан Солон­госын нийслэл Пхеньян хотын хооронд аялал жуулчлалын шууд нислэгийг ганцхан удаа буюу ирэх сарын 21-нд зохион байгуу­лахаар болжээ. Аяллын та­лаар БНАСАУ-ыг хариуцсан аялал жуулчлалын төлөөлөгч Г.Шижирээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнө нь энэ төрлийн жуулчлалыг тэр тусмаа ийм олон хүнийг авч явж байгаагүй юм байна. Аюулгүй байдлын хувьд ямар нэг асуудал гарахгүй юү?

-Аюулгүй байдлын хувьд санаа зовинох зүйл байхгүй гэж ойлгож болно. Хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байна шүү дээ. Үүнтэй холбог­дуулан зохион байгуулж буй ажил. Энэ бол мэдээж тухайн улсын үзэл суртлаас тусдаа зүйл байгаа юм. Гол нь нээлттэй болж буй энэ зүйлд манай улсыг сонгосон нь онцлог. Саяхан дуучин Л.Ганаа энэ улсад очоод ирсэн. Бүр яамнаас нь хамгаалалт гаргаж ажиллаж байсан. Аюулгүй байдлын тал дээр нэмээд нэг зүйлийг дурьдахад ирэх сарын 13-нд хоёр улсын төлөөлөл холбогдох санамж бичгийг үзэглэнэ. Тэнд нэлээд нарийн тусгасан байх болов уу.

-Мэдээж үзэх харах зүйл ихтэй болоод л ийм олон хүнийг авч явж байгаа болов уу?

-Хэд хэдэн хөтөлбөр гаргасан. Тухайлбал, “Arirang” шоуг үзүүлэх юм. Шоу нь 100 мянган оролцогчтой томоохон арга хэмжээ байна. Үзэгч нь л гэхэд 150 мянга хүн байдаг. Тийм том цэнгэлдэх хүрээлэнтэй гэсэн үг. Гиннесийн номд бичигдсэн то­моохон гимнастикийн наадмыг монголчууд тус аяллын үеэр үзэх боломж бүрдэж байна. Мөн дэлхийн хамгийн урт агуй гээд дурьдах зүйл олон бий л дээ. Дээр нь бид ямар ч аялалд байхгүй хямд зардлаар иргэдээ явуулах болсон шүү дээ.

-Иргэдийн сонирхоод байгаа нэг зүйл байна. Өмнө нь БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд энэ аялалд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Энэ аялал визгүй байх юм. Тиймээс хүн бүхэн оролцох боломжтой. Гол нь хүний тоо хязгаартай.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж