Мо Фара. Олимпийн дөрвөн алтан медалийн эзэн. Британийн хатан хааны “хүлэгт баатар”, харин АНУ-ын төрийн тэргүүний хувьд “харийн хүн”.
Орчин цагийн олимпийн түүхэнд Британийн хамгийн өндөр амжилт гаргасан хөнгөн атлетикийн тамирчин “Сэр” Мо Фара ийм дүгнэлтэд хүрчээ.
“Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд АНУ-д амьдарсан Британийн иргэн. Шаргуу хөдөлмөрлөж, нийгэмд хувь нэмрээ оруулж, татвараа төлсөөр ирсэн. АНУ-ыг гэр орноо гэж боддог тэр газарт дөрвөн хүүхдээ өсгөж байна. Гэтэл одоо, би, бас над шиг олон хүнийг АНУ хүлээж авах боломжгүй гэлээ. Аав нь гэртээ очиж чадахгүй гэж хүүхдүүддээ хэлэх болох нь” хэмээн Мо Фара facebook хуудсандаа бичжээ. Тэрбээр бэлтгэл сургуулилтаа базаахаар өдгөө Этиопт байгаа гэнэ.
33 настай Мо Фара Сомалид төрсөн, харин одоо бол АНУ-ын Орегонд амьдардаг. Найман настайдаа Британид очсон тэр спортын агуу амжилт гаргаж, Их Британийн хатан хаан 2017 оны эхний өдөр түүнд хүлэгт баатар хэмээх хүндтэй цол олгосон юм.
Хэдийгээр Британийн иргэн боловч Мо Фара АНУ руу орж чадах эсэхдээ эргэлзэж байгаа гэнэ. Учир нь түүний төрсөн Сомали улс Трампын хоригт багтсан юм.
“Би эх орноо төлөөлж, Британийн ард түмний өмнөөс медалийн тавцанд гарч, эрхэм хүндтэй цол хүртсэндээ бахархаж явдаг. Миний түүх бол ойлголцол, нигүүслийн бодит жишээ болохоос үзэн ядалт, ганцаардлынх биш” гэж тэр бичжээ.
Фара 2012 болон 2016 оны зуны олимпийн наадмаас 5000 ба 10000 метрийн уралдаанд алтан медаль хүртсэн юм. Мөн Европын тав, дэлхийн таван удаагийн аварга тамирчин билээ.
С.ЦЭЛМЭГ