ШЕЗ-өөс хар тамхины хэрэг өссөнийг онцлов

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

ШЕЗ-өөс хар тамхины хэрэг өссөнийг онцлов

  • Мансууруулах бодис хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг нэг жилийн дотор 76.1 хувиар өссөн үзүүлэлтийг өчигдөр /2017.01.30/ болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ мэдээллийн үеэр дурьдлаа. Тодруулбал, 2015 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг 42 бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2016 онд энэ тоо 74 болж 76.1 хувиар өссөн байна. Мөн мансууруулах бодистой холбоотой ял шийтгүүлсэн хүний тоо 76 байсан бол 138 болж 81.5 хувиар өсчээ.


  • Монгол Улсын их сургууль сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг байна. Энэ суурь хураамжийг бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр, доктороор суралцаж буй оюутан 336 мянган төгрөг төлдөг тухай тус сургуулийн оюутнууд өчигдөр /2017.01.30/ мэдэгджээ. Тэднээс үндэслэлгүйгээр суурь хураамж авч буйг эсэргүүцэн оюутнууд  Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны гадна талбайд эсэргүүцэн жагсжээ. Сургуулийнх нь захиргаанаас дээрх хураамжийг оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг гэдэг ч бодит байдалд ахиц гараагүйг оюутнууд онцлов.


  • ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөл өчигдөр /2017.01.30/ Монголд ирсэн байна. Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийнхантай ажиллаж, “Standby credit facility”, “Standby arrangement” гэдэг хоёр хөтөлбөрийн алинд нь хамрагдах тухай шийдэх юм.


  • УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах хэлтсээс УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг гаргаад байна. /2017.01.30/ өчигдрийн байдлаар УИХ-ын 76 гишүүнээс зургаа нь гадаадад ажиллаж буй аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, З.Нарантуяа нар АНУ-д, Ё.Баатарбилиг, Г.Занданшатар нар Японд, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Европт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Х.Мөнхбаатар, Б.Наранхүү нар тойргоо зорьжээ.


  • Дорнод аймагт болсон 34 дэх удаагийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг яруу найрагч Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ хүртлээ. Хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, залуу яруу найрагч Ч.Ууганбаяр, МЗЭ-ийншагналт зохиолч М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарсан юм. Энэ жилийн “Болор цом” наадмыг энэ удаад Данзангийн Нямсүрэн агсны 70 насны ойд зориулсан нь онцлог байлаа. Энэ жилийн “Болор цом”-ын эзэнд хурдан удмын даага бэлэглэсэн байна.


  • Ардчилсан намын дарга З.Энхболд болон намын удирдлагууд, намын сонгуулийн хорооны удирдлага намын даргын сонгуулийн дүн мэдээг нэгтгэн өчигдөр /2017.01.30/ танилцууллаа. АН-ын даргын сонгууль 21 аймаг, есөн дүүрэг 330 сум, 17 тосгонд 361 газарт санал авсан байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд нийт 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч 120703 нь санал өгөх эрхтэй болсон байна. Үүнээс 71,2 хувь ирцтэй буюу 85 939 хүн санал өгчээ.Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулах ёстой байсан. Үүнээс,

                Н.Алтанхуяг – 2033,08
                Ж.Батзандан – 1110,77
                Л.Гантөмөр – 1417,83
                С.Эрдэнэ- 2928,92
                Д.Эрдэнэбат – 857,22

оноог тус тус авсан байна. Ингээд хамгийн өндөр оноо буюу 2928,92 оноогоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргаар сонгогдсоныг зарласан юм.


  • Ахмадуудад насны хишгийг нь хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй гурван банк болох ХААН банк, Төрийн банк, Капитал банкуудаар дамжуулан Цагаан сарын өмнө болон Үндэсний баяр наадмын өмнө олгоно. Ахмадууд хэрвээ хүсвэл Насны хишиг авах тусгай данс нээлгэж болно. Банкууд насны хишиг олгох дансыг үнэ төлбөргүй нээж өгнө. Харин өөрийн эзэмшиж байгаа дансаар мөнгө авах бол тухайн банкиндаа хандан дансаа бүртгүүлэх юм.


  • Монгол Улсын Ерөнхий аудитороор Д. Хүрэлбаатарыг томилсон билээ. Тэрбээр өчигдөр /2017.01.30/  төрийн ордонд Төрийн аудитын тухай хуульд зааснаар тангарагаа өргөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж