Зүүгээр хатгуулсан нярайг сахиургүй эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Зүүгээр хатгуулсан нярайг сахиургүй эмчилж байна

Дутуу төрсөн үрээ тарианы зүүгээр шивсэн хэрэг энэ нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт гарсан талаар манай NEWS агентлаг өмнө нь мэдээлж байсан билээ. Нярайн ээжид эрүүгийн хэрэг үүсгэн Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан. Харин нярайн бие их хүнд байгаа бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт эмчилж байгаа юм.  

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасаг

Биедээ тарианы зүү шивүүлсэн нярайн биеийн байдлын талаар мэдээлэл авахаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийн Хүүхдийн эмнэлэгт очлоо. Тус эмнэлгийн лавлах хоёр ч эмч, нярайн тасгийн эрхлэгч рүү утсаар ярьсны дараагаар “Нярайн эрчимт эмчилгээний тасагт Баянхонгороос ирсэн нярай сахиургүй хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн мэдээллийг өгч, тасгийн байршлыг зааж өглөө.

Дутуу төрсөн болохоор  тус эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Нярайн эрчимт эмчилгээний тасаг гурван давхарт байрлах бөгөөд цахилгаан шатны дэргэд “Сахиурын анхааралд нярайн эрчимт эмчилгээний тасгийн сахиур эхчүүд заасан хуваарийн дагуу эргэлтээр ирж байгаа үед бусад даган ирсэн ар гэрийнхнийг тасагт оруулахгүй тул нэг давхрын хүлээлтийн хэсэгт түр хүлээнэ үү” гэсэн бичиг наасан байв. Нярайн эрчимт эмчилгээний тасагт орой 19 цагт, өдрийн 12 цагт эргэлт оруулдаг байна. Тиймээс уг тасаг руу нэвтрэн орох боломж бидэнд олдсонгүй.

Уг тасагт очиход “Тасгийн эрхлэгч шөнийн ээлжээр ажилласан учраас саяхан ажлаасаа буусан. Баянхонгороос ирсэн нярайн талаар мэдээлэл өгөх эрх бүхий мэргэжилтэн одоогоор байхгүй” хэмээн сувилагч бүсгүй мэдээлэл өгөхөөс цааргалав.

Хэрэг гарсан шөнө 23 цагийн орчимд нярайг яаралтай түргэн тусламжаар Баянхонгор аймгаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж авчирчээ. Тэгээд тус эмнэлгийн компьютер томографт яаралтай үзэх шаардлагатай байсан тул техникчийг гэрээс нь дуудуулсан талаар эх сурвалж хэлсэн юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар нярайн аав эмч нарыг дуудахад нь түргэн шуурхай ирдэг гэнэ.  Уг хэргийн талаар олон нийтийн дунд буруу ташаа мэдээлэл их байгаа учраас нярайн ар гэрийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа талаар ярьж байна.

Мөн “Манай эмнэлэгт Баянхонгор аймгаас ирсэн нярай сахиургүй хэвтэн эмчлүүлж байгаа. Живх, эм тариа гэхчилэн шаардлагатай зүйл гарвал ар гэрийнхнийг нь дууддаг. Ар гэрээс нь ээжийнх эгч ирж байгаа. Нярайн ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Манай сэтгүүлчийн өмнө нь мэдээлж байснаар хэргийг үйлдсэн эх хоёр хүүхэдтэй бөгөөд нэг нь дутуу төрсөн нярай, нөгөө нь нэг ой зургаан сартай юм байна. Тэрбээр нэгдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрж, 1,3 кг хүү төрүүлсэн байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар төрснийх нь дараа ээжид нь эмч нар хүүхэд чинь дутуу хөгжилтэй байж магадгүй, тархиндаа төрөлхийн гэмтэлтэй байж магадгүй гэсэн нь ийн үйлдэл хийхэд хүргэсэн байх магадлалтай аж.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж