49 мянган ижил хүйстнийг цагаатгана

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

49 мянган ижил хүйстнийг цагаатгана

Бэлгийн чиг хандлагынхаа улмаас шүүхээс ял сонссон хэдэн мянган ижил хүйстэн нөхөн цагаатгах хууль Их Британид хэрэгжиж эхэллээ.

Алан Тьюрингийн хууль хэмээн нэрлэгдсэн энэ хуулиар 49 мянган ижил хүйстэн эрийг гэмгүй хэмээн цагаатгаж байгаа юм. Хуулийг өнгөрсөн жил баталсан ч Их Британийн Хатан хаан сая л уг хуулийн хэрэгжилтийг хүчин төгөлдөр болголоо.

Алан Тьюринг бол математикч мэргэжилтэй, бэлгийн чиг хандлагын хувьд ижил хүйстэн байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын нууц мэдээллийн “Энигма” машины кодыг тайлсан гавьяатай хүн. Нууц мэдээний машины кодыг тайлсан нь Гитлерийн Германыг буулган авахад зохих хувь нэмрээ оруулсан гэж үнэлдэг ч Их Британийн шүүх 1952 онд Алан Тьюрингэд ижил хүйстэн байсных нь төлөө ял ногдуулж, бэлгийн хүслийг нь бууруулах гормоны эмчилгээнд хүчээр оруулж байжээ. 1954 оны зургадугаар сард тухайн үедээ 41 настай байсан Алан Тьюрингийн цогцсыг олсон бөгөөд тэрээр цианист натри уун амиа хорлосон байсан юм. Түүний энэ ялыг шүүх цагаатгасны дараа энэ хуулийн төслийг боловсруулах давалгаа хүчээ авчээ. Хүний эрхийг хамгаалагчид Алан Тьюрингийг цагаатгахын төлөө уйгагүй хөөцөлдөж, Засгийн газартаа хоёр ч удаа өргөх бичиг барьжээ. Их Британийн Хууль зүйн яам Алан Тьюрингэд ял ногдуулсныхаа төлөө уучлал гуйсан ч, “тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу ял ногдуулсан” гэсэн тайлбарыг хийжээ. Гэсэн ч 2013 оны арванхоёрдугаар сард Хатан хаан Елизавета Алан Тьюрингийг цагаатгах зарлигийг гаргасан юм.

Ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж үзэх хууль Англи болон Уэльсэд 1967 он хүртэл, Шотландад 1980 он хүртэл, Хойд Ирландад 1982 он хүртэл хэрэгжиж байсан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж