Трамп НАТО-д шахалт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Трамп НАТО-д шахалт үзүүлэв

АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй шинэчлэлийн талаар ярилцахын тулд Брюссельд НАТО-гийн саммитийг нэн яаралтай хуралдуулах хэрэгтэй гэж Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс мэдэгдлээ. Саммитийг товын талаар Вашингтонд ярилцаж байгаа аж.

Европын удирдлагууд солигдохын өмнө асуудлаа шийдэх шаардлага тулгарсан тул европчууд Трамптай уулзахыг яарч байна. Европын сонгууль ирэх хавраас явагдана. Тиймээс Европын удирдлагууд хамтдаа АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн эсрэг зогсох сонголтод хүрч байна. Ноён Трамп НАТО бол огт хэрэггүй байгууллага гэсэн байр суурьтай байгаа билээ. Үүнийгээ ч ил шулуун илэрхийлж, НАТО-гийн эсрэг хатуу шахалт үзүүлэхээр бэлтгэж буй юм.

НАТО-гийн саммитийг яаравчлах нэг шалтгаан нь ирэх сонгуулиар Европын удирлагууд шинэчлэгдэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд НАТО-д сөрөг асуудал үүсч магадгүй гэж европчууд болгоомжилж буй. Тиймээс НАТО-гийн удирдлагууд саммитаа хийхээр яаравчлахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Саммитаар эвслийг шинэчлэх шаардлагатайг сануулж буй ч тус байгууллахыг бүр мөсөн тараах нь зөв гэсэн байр суурийг баримталж буй Трампын шахалтын эсрэг зогсохын тулд Европын удирдлагууд нэгдэх шаардлагатай болсон.

Трампын үед НАТО-г шинэчлэх нь

Европын орнууд, тэр тусмаа Балтийн орнуудын хувьд ДНБ-ийн хоёр хувийг гаргавал эдийн засагт нь хүнд цохилт болно. Европ алдагдлаа АНУ-ын төсвөөс нөхсөөр ирсэн. Гэтэл Трамп бол бизнесмен хүн. Улс орны лидерээр сонгогдсон хэдий ч Европын хэн нэгний өрийг өмнөөс нь төлнө гэдэг түүнд байж боломгүй эрсдэл мэт санагдаж буй нь лав.

Тийм ч учраас Трамп ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх татвараа төл, үгүй бол НАТО-г орхи гэсэн тулган шаардалтыг европчуудад тавих болсон биз. Алдагдлаа АНУ-ын нуруун дээр үүрүүлэх биш, бүгд энэ тэнцүү хувь нэмэр оруулахыг шахах нь Трампын гол зорилго болжээ.

НАТО нь утгагүй, хэрэггүй газар болсон гэж Трамп нэг биш удаа сануулж байлаа. Тиймээс АНУ-ын шинэ Ерөнхийлөгч хэрэггүй болсон цэргийн эвслийг халж, оронд нь НАТО-г бодиттой, хэрэгтэй ажлуудыг хийдэг байгууллага болгож хувиргахыг бас үгүйсгэх аргагүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж