ҮЕРИЙН УС АЙЛУУД РУУ УРСЧЭЭ

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын орчимд үерийн далан байгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү үерийн далан нь нийт 3.5 км урт үргэлжлэх юм. Далангийн барилгын ажлыг барилга угсралт, зам засварын үйл ажиллагаа явуулдаг “ЗМЗ” компани гүйцэтгэж байгаа. Тус компани өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхэлсэн бөгөөд энэ сарын эхээр хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгажээ. Харин тодорхой шалтгааны улмаас одоо болтол ажлаа дуусгаагүй байгаа юм.
Энэ нь тэр хавийн оршин суугчид газраа чөлөөлөхгүй байгаа болон цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад хүндрэл гарч буйтай холбоотой аж. Заасан зургийн дагуу ажлаа явуулахад нэлээд хүндрэлтэй байгаа бөгөөд оршин суугчдын хашаа хороог буулгах шаардлагатай болжээ. Гэвч энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүнчлэн ажлын явцад байгаль орчинд бохирдол үүсч байгаа нь илт харагдаж байв. Хүнд даацын тэрэг энэ тэрүүгээр хөлхөж, кофшоор уснаас шороо хутган тавьж байлаа. Харин хариуцан ажиллаж байгаа хүмүүс нь “Энэ бол байгаль орчинд ямар ч хор хөнөөл учруулахгүй” хэмээн ам уралдан ярьцгааж байсан юм. Энэхүү ажлыг гүйцэтгэсэнээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчидыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлыг хангахаар зорьж байгаа. Гэтэл үүнийг эсэргүүцэж буй хүн ч бас олон байв. Тэдний үзэж байгаагаар үерийн ус Сэлбэ гол савнаасаа халихаар гарч ирдэггүй. Харин уулнаас бууж ирсэн ус айлуудыг үерт автуулдаг. Гэтэл ийнхүү Сэлбэ голын орчимд далан барьж эхэлснээс хойш хэд хэдэн удаа ширүүн бороо орох үед айлууд үерт автсан байна. Түүнчлэн далан босгох шороог голоос авч байгаагаас болж энэ нь Сэлбэ голыг их хэмжээгээр бохирдуулж эхэлсэн байна. Тэгэхээр иргэдийн гаргасан гомдол үнэхээр бодитой байж болох юм. Ямартай ч энэ тухай тэр хавийн оршин суугчдаас тодрууллаа.
-Сэлбэ голын орчимд үерийн далан барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн хүндрэл гарч байна уу?
-Манай гэр бүл энд амьдраад арав гаруй жил болж байна. Энэ олон жил болоход манай гэр үерийн усанд өртөж байгаагүй. Харин саяхны нэг ширүүн борооноор үерт автлаа. Манай хашаа, байшин нурж унахаа шахсан. Бидэнд маш хэцүү байсан. Дахиад ийм явдал давтагдахыг үгүйсгэхгүй. Ер нь Сэлбэ голын орчимд үерийн далан барьж байгаа нь энэ хавийн оршин суугчдад их дарамт учруулж байна. Бидэнд энэ тухай ганц зүйл хэлээгүй мөртлөө нэг л өдөр учир зүггүй шороо асгаж, далан бариад эхэлсэн. Бүх ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна гээд хүнд даацын машин техник оруулж ирээд голоос шороо ухаж эхэлсэн. Сэлбэ гол уг нь нэлээд тунгалаг байсан юм. Гэтэл одоо илт булингартах боллоо. Энэ хавийн байгаль орчныг дахин нөхөн сэргээнэ гэж ажилчид нь хэлсэн. Гэхдээ би л хувьдаа үүнд эргэлзэж байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Отгончимэг: УУЛНААС БУУЖ ИРДЭГ ҮЕРИЙН УС ГОЛ РУУ ОРОХ ЗАМЫГ ХААСАН
-Далан барьж байгаагаас болоод байгаль орчинд их хохирол учирч байгаа гэсэн. Та энэ тухай юу хэлэх вэ?
-Би энд газар худалдаж аваад нэг жил гаруй болж байна. Далан барьж үер усны аюулаас хамгаалж байгаа нь сайн хэрэг юм. Гэвч бидэнд хүндрэл бэрхшээл их гарч байна. Худалдаж аваад удаагүй байгаа хашаагаа нураалгачихаар бид яаж амьдрах юм бэ. Энэ далан барьснаар уулнаас бууж ирдэг үерийн ус гол руу ордог замыг хаасан. Үүнээс болж саяхан орсон ширүүн борооны үеэр хэд хэдэн айл үерт автсан. Тэгэхээр ингэж далан барьснаар үерийн аюулаас сэргийлж чадахгүй, харин ч бүр их хор хохирол учруулж байгаа гэсэн үг. Далан барих ажлыг гүйцэтгэхийн тулд Сэлбэ голоос хайрга авч зөөж байгаа. Энэ нь байгаль орчинд муугаар нөлөөлж байгаа нь илт байна шүү дээ. Уг нь мэргэжилтнүүд нь мэдэж л баймаар юм. Уг нь далан барихын тулд шороо зөөж авчиран асгах байтал газар сэндийчэж ухаад байх юм. Үүнээс болж тэр хавьцаа нь гүнзгий нүх үүсч жаахан хүүхэд унаж аюулд өртөх магадлалтай боллоо.
Иргэд ийн ярьж байсан юм. Харин далан барих ажлыг хариуцаж буй “ЗМЗ” компанийнхан арай өөр тайлбар өглөө. Энэ тухай тус компанийн ажилтнаас тодруулав.
“ЗМЗ” компанийн ерөнхий инженер С.Мөнхбат: ЗУРАГ ТӨСЛӨӨ ГАРГАЧИХСНЫ ДАРАА ОЛОН АЙЛ НҮҮЖ ИРСЭН
-Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд үерийн далан барьж байгаатай холбоотой иргэдийн гомдол нэлээд гарч байна. Тэдний хэлсэнчлэн зураг төслийг анхнаас нь буруу гаргачихсан юм уу?
-Бид энэхүү ажлыг хариуцаж аваад хоёр сар болж байна. Ажлын явц ерөнхийдөө шувтарч байгаа. Гэхдээ хэд хэдэн айл газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас хүндрэл учирч байна. Гэвч бид хийх ёстой ажлаа л хийж байгаа. Бид голоос авах юмаа авчихаад л буцаагаад байсан хэвэнд нь оруулна. Гол усны гольдролын хувьд бид ажлаа хийж дуусгаад эргээд энэ голын гольдролыг буцааж сэргээх ажлыг хийнэ. Энэ ажлын явцад байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй бөгөөд бид нэлээд өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа. Хор нөлөө учруулахгүй ажиллахыг гол зорилгоо болгож байна. Энэ хавийн айлуудын ихэнх нь ажлын зураг төслийг нь гаргахаас өмнө энд байдаггүй байсан. Бидний ажлыг хойш нь татаж байгаа зүйл энэ байна. Ерөнхийдөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас манай компанийг ажлаа түргэвчлэхийг шаардаж байгаа. Бид энэ ажлыг хийснээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадах байх гэж бодож байна.
"Улс төрийн тойм" сонин
