“Монгол тууль” 12 боть цуврал номын нээлт өнөөдөр /2017.01.31/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд боллоо. Монгол ардын аман билгийн нэн эртний төрлийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхаглажээ. Ийн Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн “Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнгээ танилцуулсан юм.
ӨВ ТЭЭГЧДИЙН 30 ГАРУЙ ШАВЬД ТУУЛЬ ХАЙЛАХ УРЛАГИЙГ ӨВЛҮҮЛЛЭЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд:
-Монгол гэдэг жижигхэн улс ЮНЕСКО-д хамгийн олон соёлын өвөө бүртгүүлж чадсан улс юм билээ. Дэлхийн соёлын өвд манай үндэстний гурван том бүтээл байна. Энэ жишээ Их Британи улсад ч байхгүй байсан. Бидний өвөг дээдэс үр хойчдоо гайхалтай соёлын өв үлдээжээ. Энэхүү төслийн үр дүнд Ховд, Увс, Баян-Өлгий аймагт туулийн урын сангийн судалгаа, туульч нарыг бүртгэн 1950 минутын баримтжуулалтыг хийж мэдээллийн сан үүсгэсэн. Мөн өв тээгч 11 туульчтай гэрээ хийж 30 гаруй шавь төрүүлэн гаргасан гээд чамгүй амжилттай төсөл хэрэгжүүлж чадлаа.
ӨВ УЛАМЖЛАЛ НЬ ТАСРААД БУЙ ДӨРВӨД ТУУЛИЙГ СЭРГЭЭСЭН
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Катуу:
-Монгол туулийг судалсан өвөрмонголын эрдэмтэд 500 орчим тууль байна гэдэг. Миний судалгаагаар 250-300 гаруй туультай. Дэлхий дээр үндэсний туульгүй ард түмэн өчнөөн бий. Гэтэл манай ард түмэн маш баялаг тууль хайлах урлагийн өв сантай. Энэхүү төслийн хүрээнд XX зууны сүүлээр тасарч эхэлсэн дөрвөд туулийг сэргээж гаргаж ирлээ. Одоо Увс аймгийн Ховд суманд алдартай Ц.Зодов туульчийн үр удам эмэгтэй туульч анх хайлж гарч ирсэн.
Монгол тууль нь Монголын эртний түүхэн дэх баатарлаг үйлсийг мөнхжүүлж байгаа ардын аман зохиолын нэг төрөл бөгөөд хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг томоохон хэмжээний туурвил юм.
Туульсийн бүтээлүүд нь монголчуудын домог зүй, гүн ухаан, уран сайхны сэтгэлгээний охь шим, үлгэр, ерөөл, магтаал, зүйр цэцэн үгийг багтаасан соёлын гайхамшигт өв аж. Монголчууд эртнээс тууль хайлах урлагийг авьяас билэгт туульч хайлах бөгөөд монголын уламжлалт чавхдаст хөгжмөөр хөтлөн тоглоно. Ихэвчлэн ураг төрлийн хүрээнд эцгээс хүү, ач нарт сургаж өвлөн уламжлуулж иржээ.
А.СҮРЭН