
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаанд 20 настай Жеймс Магнуссен Австралийн багийн удаан хүлээсэн алтан медалийг авчирлаа. Хамгийн сүүлд энэ зайд 1968 оны Мехикогийн олимпоос Майк Венден Австралийг төлөөлж аваргалж байсан түүхтэй. Харин Магнуссен 43 жилийн дараа 47,63 секундээр дэлхийн аварга боллоо. Канадын Брент Хейден, Францын Уильям Мейнар нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
АНУ энэ өдрийн хоёр дахь алтан медалиа эмэгтэйчүүдийн 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаанаас авсан. Мелисса Франклин, Дагни Нютсон, Кэти Хофф, Аллисон Шмит нар багийн уралдаанд долоон минут, 46 ,14 секунд цагаар түрүүлсэн бол Австрали, Хятадын баг удаахь байрт оржээ.
Өчигдөр мөн эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн уралдаанаас Хятадын Жьяо Лю-ян алтан медаль хүртэж зохион байгуулагч орны алтан медалийн тоог 14-т хүргэлээ. Ингэснээр Хятад улс багийн дүнгээр 14 алт, 11 мөнгө, долоон хүрэл, нийт 32 медальтай ДАШТ-ийг тэргүүлж байгаа бол Орос найм, Америк долоон алттай удаахь байрыг эзэлж байна.