Солонгосын үерт хоёр монгол иргэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Солонгосын үерт хоёр монгол иргэн амь үрэгджээ

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хөтлөн явуулдаг нэгэн мэдээллийн сайтад энэ тухай мэдээлжээ. Мэдээлэлд хоёр монгол эмэгтэй хөрш айлынхаа өндөр настай солонгос эмэгтэйд тусалж байгаад нурангид дарагдсан амиа алдсан тухай дурджээ. Тэд энэ тухай мэдээллийг Солонгосын “Ёнхаб ньюс” сониноос авснаа мөн дурдсан байна.

Хэрэг Солонгосын үер их хэмжээгээр бууж буй Кёнгиду, Куангжүши, Кунгжиамд болсон гэнэ. “Ёнхаб ньюс”-д бичсэнийг дор сийрүүлбэл, 

Өнгөрсөн 27-ны  өдөр болсон их үерийн улмаас Кёнгиду, Куангжүши, Кунгжиамд  амьдардаг  ши Ким Хаг Тэ өөрийн монгол эхнэрийн дүү Даваа  (35 настай) болон өргөмөл охин  Уугангоо  (18 настай) нарыг үерийн усанд нэгэн зэрэг алдсан харамсалтай явдал боллоо. Тэдний хажууд амьдардаг солонгос эмээ байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран унаж, ус урсдаг сувгийг нь хааснаас гэр рүү нь борооны ус урсан орж байгааг хараад уг хавтангуудыг холдуулж өгөхийг гэртээ ганцаараа байсан талийгаач охин Уугангоогоос гуйсан ажээ. Тэрээр ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор нь замын эсрэг талд гэртээ хоёр хүүхэдтэйгээ байсан талийгч  эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхлэх тэр агшинд уулны хөрсний нуралт үүсч их хэмжээний хөрс шавар урсан орж тэднийг урсган оджээ. Тэдний цогцсыг гэрээс нь  1-3㎞ зайтай орших голоос, биед нь олон тооны шарх сорив үүссэн байдлаар олсон байна.

Хүнд тусалж яваад амиа алдсан Монгол улсын иргэн Даваа нь хоёрхон сарын өмнө Солонгос улсад ажиллаж амьдрахаар ирж байжээ. Талийгаач Уугангоо охин 2009 онд Солонгосын иргэн болж өнгөрсөн тавдугаар сард Солонгосын иргэний үнэмлэхээ авсан байна. Өнөөдөр талийгаач охиныг Кёнги ду, Сонгнам шид байрлах оршуулгын газар чандарласан бол талийгаач Давааг Монголоос түүний гэр бүлийнхнийг ирсний дараа оршуулах юм байна. Одоогоор түүний цогцос Кунгжиам дахь цогцос хадгалах газар хадгалагдаж байгаа гэнэ.

Харь улсад байгалийн гамшигт өртөн амь насаа алдсан иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа. Олон нийттэй харилцлах албанаас “одоогоор энэ тухай мэдээлэл бидэнд ирээгүй байна” хэмээх товч хариултыг өгөв. Харин БНСУ-ын хэвлэл болон тэнд амьдарч буй монголчууд мэдээллийг дээрх байдлаар олон нийтэд мэдээлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж