“Боож үхтэл” дарамталж буй утаанаас салах сонгодог аргыг нийслэлчүүд олоогүй л байна. Жилийн жилд, эрх баригчид ихээхэн хэмжээний хөрөнгийг энэ гамшгаас салахад зарцуулдаг ч тэр мөнгө нь ёстой л утаа адил замхардаг болжээ.
Харин энэ удаа эрх баригчид утаанаас салахад “цахилгаан эрчим хүч” нэмэр болно гэж үзэж байна. Шөнийн тарифыг тэглэх зэргээр утаанаас салах оролдлогыг энэ Засгийн газар хэрэгжүүлж эхэллээ. Гэтэл Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 6-8 хувиар өсч, хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй гэдгийг тус салбарынхан онцолдог юм.
Иймээс Улаанбаатарчуудын энэхүү ачааллыг “хөгшин станцууд” маань дааж чадах эсэх, техник технологийн зохих шинэтгэл хийгдэж байгаа эсэхийг тодруулахаар “ДЦС-4” Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аар зочиллоо.
Монгол Улсын хамгийн том дулааны цахилгаан станц болох “ДЦС-4” маань 34 настай. Тус станц нь 3 жилийн өмнө хүчин чадлаа 123 МВт-аар өргөтгөснөөр хүчин чадал нь 703 МВт хүрчээ. Ингэснээр төвийн бүсийн цахилгааны 65, дулааны 70 хувийг дангаараа хангаж байна.
“ДЦС-4” нь улсын онцгой объект учраас харуул хамгаалалт нь чанга. Зорьж очсон хэргээ хэлж, зөвшөөрөл авсны дараа дотогш нэвтрэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч аврах малгай, чихний бөглөөс, хантааз, хамгаалалтын нүдний шилээр хангасан юм.
70-500 градусын халуун, 80 дицебилийн дуу чимээтэй орчинд бид орлоо. Нүдэнд үл харагдах ч тоосжилт ихтэйг нь шатны бариул, тавцан дээр сааралтах үнсний тортог илтгэнэ. Гэхдээ ээлж солигдох бүрт, өдөрт дөрвөн удаа цэвэрлэгээ хийдэг байна.
Тус станц нь өвөлдөө өдөрт 15 мянган Гкал дулааныг, зундаа 8-9 сая кВт/ц эрчим хүч, 5-6 мянган Гкал дулаан үйлдвэрлэж байна. Үүний тулд хоногт 150-160 вагон нүүрс түлдэг бөгөөд 1500 орчим хүн дөрвөн ээлжээр, өдөр шөнөгүй ажилладаг гэсэн үг.
Станцын нийт тоног төхөөрөмж, дэд станцуудынх нь 42-67 хувь нь 30-аас дээш жилийн настай. Иймд шинэчлэн сайжруулах шаардлагатай болжээ. Гэлээ гээд “ДЦС-4”-ийнхөн гараа хумхиад, зүгээр суугаад байгаагүй ажээ.
“Мон Ти-10” гэх төслийг станц дээрээ өнгөрөгч оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Энэ ажлыг гүйцэтгэхээр “М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон Япон улсын “Мицубиши Хитачи Повер системс” компаниудын хамтарсан консорциум ажиллаж эхэлжээ. Төслийн хүрээнд цахилгаан станцын найман зуух болон нүүрс тээрэмддэг босоо, булт тээрмийн эд ангиудыг шинэчлэн солих, шаардлагатай хэсгүүдэд нэмж суурилуулна.
Энэ талаар “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Ашиглалт, түгээлт хариуцсан захирал Н.Дамдинсүрэн “…Дөрөвдүгээр цахилгаан станц найман зуухтай. Зууханд нүүрс шатаж буй учир бохирдол үүсгэгч хөө тортог үүсдэг. Энэхүү хөө тортгийг унагаах зорилготойгоор нэг зууханд 24 ширхэг буюу найман зууханд нийт 192 ширхэг үлээлгийн төхөөрөмж суурилуулах юм.
Ингэснээр дулааны солилцоо сайжирч, зуухны ашигт үйлийн коффициент нэгээс хоёр хүртэл хувиар дээшилнэ. Учир нь бохирдолт үүссэнээс зуухыг тодорхой хугацаанд зогсоож цэвэрлэдэг байсан. Харин үлээлгийн төхөөрөмж нэмэгдэж, зогсолт хоорондын хугацаа уртассанаар эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Мөн үндсэн гол эд ангиудыг 8000-аас 16000 цаг хүртэл ашиглах зорилгоор эдэлгээний хугацааг уртасгахаар ажиллаж байна. 1, 3, 4 дүгээр зуух сайжруулах ажлын санхүүжилтийг Голомт банк шуурхай шийдэж өгсөн. Ингэсний хүчинд л ажил овоо урагшилж байна даа гэсэн юм.
Түүнчлэн босоо, булт тээрмийн элэгддэг эд ангиудыг шинэчлэн сольсноор нүүрсийг жижиг тоосонцрын хэмжээнд буталж шаталтад шаардлагагүй эрдэст материалыг ялгах юм. Энгийнчилбэл хог хаягдал багатайгаар дулааны үр ашгийг дээшлүүлнэ гэсэн үг.
Яг одоогийн байдлаар зуухнуудад шинэчлэл хийхийн тулд, зууханд хүрэх шат тавцангуудыг өргөтгөх ажил ид хийгдэж байлаа. Уг төсөл 2018 онд бүрэн дуусах юм байна.
Ийн “ДЦС-4”-ийнхэн эрчим хүчний үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлж байна. Ингэснээр нийслэлчүүд эрчим хүчний дутагдалд орох эрсдэлээс сэргийлж чадна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН