Ээмэг бөгж, хөөрөг гаансаа хандивлах уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Ээмэг бөгж, хөөрөг гаансаа хандивлах уу?

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагыг эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа өчигдөр /2017.01.30/ зарлав. Зүгээр ч нэг зарлаад зогссонгүй, хандивын эхлэл болгон 10 сая төгрөг, 10 адуу, зүүж явсан алтан бөгжөө өргөлөө.

Ахмад эдийн засагчийн тооцоолсноор найман настай балчраас наян настай буурлаа хүртэл энэ аянд нэгдэхэд улс орноороо хямралаас ангижрах боломжтой гэнэ.

Найман настай балчрууд 1000 төгрөг хандивлаж, түүнээс дээшлэн мянга мянгаар өсгөсөн хандив өргөх тооцоо гаргажээ. Найман настай хүүхдүүд 1000, есөн настай бол 2000 гэх мэтээр 30 хүртэл 1000 төгрөгөөр өсгөн 30 настай залуучууд 22 мянган төгрөгийн хандив өгөх өжээ.  31-40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад улсын хэмжээнд 214 тэрбум төгрөг хуримтлуулж одоогийн үүсээд буй эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэж тооцсон байна. Иргэдээс гадна төрийн дунд болон өндөр албан тушаалтнууд, мөн аж ахуйн нэгжүүдээс албан тушаал, орлогын зөрүүг харгалзан ялгавартай хандив авбал 425 тэрбум төгрөг цугларах боломжтой гэсэн мэдээллийг ахмад эдийн засагч Б.Осоргарав гуай мэдэгдлээ.

Ийнхүү гурван саяулаа “Өглөгийн эзэн” болох урилгыг гаргажээ.

Ахмад эдийн засагчийн санаачилсан хямралаас гарах төлөвлөгөө буюу ээмэг бөгжний аяныг хэрэгжүүлсэн улс орны нэг бол БНСУ. Тус улсад  1997-1998 онд тохиосон эдийн засгийн хүндрэлийг даван туулахад  ард иргэдийнх нь хандив тус болсон гэдэг. Солонгос улс тухайн үед ОУВС-гаас 58 тэрбум ам.долларын зээл авч байжээ. Зээлийг буцаан төлөхөд бэрхшээл тулгарч, иргэд нь зүүж явсан ээмэг бөгж, алт мөнгөн эдлэлээ хандив болгон өргөж байжээ. Иргэд 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэсэн мэдээлэл өнөөг хүртэл хадгалаастай. Солонгосчууд алт, мөнгөн эдлэлийн аянаа “Хайрын худалдаа” хэмээн нэрлэж байсан бөгөөд уг аянд  3,5 сая хүн нэгдсэн нь тухайн үеийн нийт хүн амынх нь ¼ нь байжээ. Хүн тус бүр 65 гр алт буюу 640 ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өргөж байжээ.  Түүнээс бүүр өмнө, хорьдугаар зууны эхээр /1903 онд/ тус улсад  өмнө ийм хандивын аян өрнөж байсан түүхтэй. Энэхүү түүхээрээ тэд бахархаж, “Эх орноо гэх сэтгэл энэ мэт жижиг зүйлсээс л эхэлдэг” хэмээн өгүүлдэг. Тэрхүү хайраа дахин дахин илэрхийлэх зориг тэдэнд бий. Гудамжинд хэн нэгний санаандгүй унагасан хогийг түүж авахдаа огт ичдэггүйн дээр урдах ажлаа л ягштал хийхийг эрхэмлэх нь солонгосчуудын хувьд зуршил болсон зүйл. Бүгдээрээ дээд сургууль руу хошуурч, бөөнөөрөө эрх мэдлийн төлөө тэмцдэггүйгээрээ тэд биднээс өөр. Бас эх орноо хайрлахдаа чихний ээмэг, хүзүүний зүүлт, гарын бөгжөө гар таталгүй өгч орхидог “муу зан”-тай.

Харин монголчууд бид ингэж чадах уу. Охид хүүхнүүдийн алт, монетан гоёл, эрчүүдийн хөөрөг гаанснаас эхлээд өргөл болгон барих зүйл хүн бүрт бий. Айл болгонд мөнгөн аяга өрөөстэй, заримд нь алтан аяга ч  байгаа. Гэвч Б.Осоргарав гуай шиг зориглоод хандив өргөх хүн цөөхөн гэдэгт мөрийцсөн ч яахав. Гэхдээ энэ бол эх орондоо хайргүйнх, эсвэл хямралд дуртайдаа биш юм. Өгье гэвэл ганцаасаа гэдгийг харуулж, өвдсөн зовсонд тусалсан олон тохиолдлыг нэрлэж болно. Гагцхүү эдийн засгийн хямралд хаяглан хандивлаж буй мөнгө хаашаа орох, хэрхэн зарцуулах нь тодорхойгүйгээс олон хүн татгалзах нь тодорхой. Хоногийн хоолоо яая даа гэж буй хэсэгт хандивын аян үнэндээ л тохуурхал мэт сонсогдоно. “Нүхтийн хэдэн айлын сувинерийг цуглуулаад хямралаасаа гар. Ядуу ардуудыг тайван орхи” гэж хараан зүхэх хүн ч мэр сэр таарч мэднэ.

Энэ бүхэн итгэл алдсаны гэрч. Нийтийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр үнэлж дадаагүй, улс орон, олонход үйлчлэх үүрэг хүлээсэн хэр нь хувийн бизнес, гэр бүл, найз нөхөд, жалга довны үзлээсээ ангижраагүй улстөрчдийн үйл хэргээс үүдэлтэй гэж болно. Хэрэвзээ шударгаар төлсөн татварын хуваарилалт, зарцуулалтад эргэлздэггүй байсан бол хямралын давах хандивын аянд  эргэлзэлгүйгээр оролцох байсан биз ээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачлагыг дэмжин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгийн хандивыг хувиасаа өгч байгаагаа өнөөдөр /2017.01.31/ мэдэгдлээ. Мөн "МОННИС" групп 100 сая төгрөг, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлажээ. Мэдээж аливаа хандив тусламж, сайн үйлсийн аянд хөрөнгө бэлтэй хүмүүс тэргүүлэн оролцох нь юутай сайн. Гэвч амлах, өгөх хоёрт алд дэлмийн зөрүү байдгийг мартаж болохгүй. 2008 оны Бээжингийн олимпийн алтан медалийн дуулианаар олон арван  хандивлагч төрж, дааж давшгүй ихийг амлаж байсан ч гавьяатын гарт атгуулсан нь цөөн гэдэг. Эрийн шийр зааж, энэ тухай ам нээлгүй өнөөдрийг хүрсэн ч ам дамжсан яриа олны дунд одоо ч бий. Яг түүн шиг болж балрах вий дээ. Хандивын мөнгийг бондын өр дарахад зориулна гэдэг ч олны дундах яриа болохоос Б.Осоргарав гуайн үг бас биш. Тиймээс хандивын аяныг үнэхээр үр дүнтэй болгоё гэвэл нарийн хяналт, үнэн зөв мэдээлэл хамгаас чухал шүү.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж