Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр иргэдийн элэгний С, В вирус тоолох шинжилгээг үнэгүй хийж байна. Энэ хугацаанд нийт 2000 гаруй иргэн элэгний В, С вирусээ тоолуулжээ. Мөн 9000 орчим иргэн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд орсон тухай ХӨСҮТ-ийн Лабораторийн тасгийн эрхлэгч Г.Сарангуа мэдээллээ. Цаашид ч ХӨСҮТ эрүүл мэндийн дэвтэртэй хүн бүрийн элэгний В, С вирусыг үнэгүй тоолно. Учир нь эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр дагуу элэгний С, В вирус тоолох шинжилгээг үнэгүй хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан билээ.
Элэгний В, С вирусээ үнэгүй тоолуулах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бүрэн бөглөж, шимтгэлийг нь гүйцэт төлсөн байх үүрэгтэй. Мөн харьяа дүүрэг, аймаг, сумынхаа нэгдсэн эмнэлэгт В, С вирустэй эсэхээ тодорхойлуулсан байх шаардлагатай юм. Дараа нь тус эмнэлгийн амбулаторит очиж, шинжилгээ хийлгэнэ.
Вирусийг үнэгүй тоолох шинжилгээг ХӨСҮТ-ээс гадна Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт үнэгүй авч буй.
Сайн дураар шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд ХӨСҮТ-д вирус тогтоох шинжилгээг 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээг 165 мянган төгрөг төлөн өгөх боломжтой юм.
Д.УУДАМ