УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус намын бүлэг өчигдөр /2017.01.30/ хуралдах байсан ч намын даргын сонгуультай холбоотойгоор намын бүлгийн хуралдаанаа хойшлуулсан байсан юм.
Тус намын бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49-ийг худалдаж авах асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байсан юм. Мөн тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний асуудлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төсөл, Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.
Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ дахь бүлгийн даргын суудлаа хэнд өгөх бол гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Магадгүй өнөөдөр бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж мэдэх юм гэсэн таамаглал бий. Тиймээс энэ талаар Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас тодруулахад “Намын дарга нь давхар бүлгийн дарга хийж болохгүй гэж тусгай заагаагүй. Тиймээс өнөөдрийн тухайд уг асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн хариултыг өгч байна.
Ш.ОЧ