Үндэсний шигшээ багийн гол төрлүүдийн сонгон шалгаруулалт дуусах тийшээ хандлаа. “Токио-2020” олимпийн наадамд бокс, чөлөөт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийг хэн удирдах вэ гэдэг удахгүй тодорхой болж, дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын нэрс тодорно.
Товлосон хуваарийн дагуу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн эдгээр төрлийн сонгон шалгаруулалт болж, спорт холбоод эхний байдлаар хамгийн өндөр оноо авсан дасгалжуулагчдын нэрсийг холбооны хэмжээнд зөвлөлдөн, Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Шигшээ багийн албанд хүргүүлээд байна. Одоо Шигшээ багийн алба болон Биеийн тамир, спортын бодлогын газрын дэргэд байгуулсан Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөл хамтран холбоодын санал болгосон дасгалжуулагчдыг нэрсийг хэлэлцэж, санал солилцон, шаардлага хангасан гэж үзвэл батална.
Сонгон шалгаруулалтад оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгалт өгдөг юм.
БОКС: АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИД Д.БАТСҮРЭНГ САНАЛ БОЛГОВ
Боксын шигшээ багийн шалгаруулалт нэгдүгээр сарын 27-нд боллоо. Энэ удаа найман дасгалжуулагч шалгаруулалтад өрсөлдсөнөөс дараах байдлаар шигшээ багийн дасгалжуулагчдын нэрсийг Монголын боксын холбоо дараагийн шатны байгууллагад өгчээ.
Ингэхдээ шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Д.Батсүрэнг ахлах дасгалжуулагчид, Н.Мөнхсайханыг эрэгтэй багийн дасгалжуулагчид, Б.Пүрэв-Очирыг эмэгтэй багийн дасгалжуулагчид, С.Эрдэнэбатыг залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчид тус тус санал болгосон байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчид нэр дэвшиж буй Д.Батсүрэн “Рио-2016” олимпийн циклд боксын шигшээ багийн ахлахаар, С.Эрдэнэбат эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Мөн шигшээ багийн дасгалжуулагчийн сунгаанд Н.Мөнхсайхан, эмэгтэй шигшээгийн шалгуурт Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийн шалгаруулалтад С.Эрдэнэбат нар өндөр оноо авсан байна.
ЖҮДО: О.БАЛЖИННЯМ ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВЧЭЭ
Жүдо бөхийн шигшээгийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 29-нд болов. Гэхдээ өчигдөр оройны байдлаар холбооны зүгээс ахлах болон бусад дасгалжуулагчдын нэрсийг Үндэсний шигшээ багийн албанд ирүүлээгүй байлаа.
О.Балжинням, Х.Цагаанбаатар, Д.Баттулга, Г.Дашдаваа, Г.Эрдэнэбат, Ц.Шийрэв, Х.Эрдэнэт-Од, Г.Цэвэлмаа нарын есөн хүн өрсөлдсөн уг шалгаруулалтад Риогийн олимпийн циклд жүдочдын ахлах дасгалжуулагчаар ажилласан О.Балжинням хамгийн өндөр оноо авчээ. Х.Эрдэнэт-Од, Х.Цагаанбаатар, Д.Баттулга, Г.Дашдаваа нар оноогоор удаалсан байна.
ЧӨЛӨӨТ БӨХ: ДАСГАЛЖУУЛАГЧДЫН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЭВ
Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр /2017.01.29/ Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг Спортын төв ордонд зохион байгуулж, шалгаруулалт дууссаны дараа холбооны саналыг өдөрт нь багтаан Үндэсний шигшээ багийн албанд хүргүүлж, санал болгосон дасгалжуулагчдынхаа нэрсийг нээлттэй зарлалаа.
Чөлөөт бөхийн сонгон шалгаруулалтад 11 дасгалжуулагч хамрагджээ.
Холбооноос хэлэлцээд, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайханы нэрийг ту тус өргөн мэдүүлжээ. Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг тодруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүллээ.
Чөлөөт бөхийн шигшээ баг үндсэндээ ирэх олимпийн циклд дасгалжуулагчдын хувьд цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллах чиг барьжээ. Дасгалжуулагч Б.Баттулга “Арслан” клубыг үүсгэн байгуулж, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Э.Ням-Очир, ОУХМ Ж.Чулуунбат гээд сүүлийн 2-3 олимпийн циклд шигшээ багт дуудагдсан, шилдэг тамирчдын багш. ОУХМ Буянжавын Батзоригийн хувьд тамирчны карьераа өндөр хэмжээнд удаан хадгалж байгаад шууд дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа, бөхийнхөө хувьд мэдлэг, туршлага ихтэй. Дасгалжуулагч Ц.Баярсайханы бэлтгэсэн гарын шавь нар “Хасу Мегастар” клубээс олон арваараа төрсөн. Харин залуучуудын шигшээг удирдуулахаар итгэл хүлээлгэсэн Ө.Ууганбаярын хувьд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубт цөөнгүй жил ажиллаж байгаа, залуу дасгалжуулагч юм.