Хязгаар руу тэмүүлэх төмөр замын өртөг

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Хязгаар руу тэмүүлэх төмөр замын өртөг

Төмөр замын өртөг нь манай улсад их сонирхолтой асуудал болоод удаж байна.

Тавантолгой, төмөр зам хэмээх “Алаагүй баавгайн арьсыг булаацалдаж”, арваад жилийг үджээ. Зарим нь одоо “алаагүй” нь ч болсон юм гэж ярих болж. Энэ хугацаанд “төхөөрөх” өртөг талийв. Анчдын өртөг харин нэмдсээр байна. Гэхдээ одоо төхөөрчлөө гэхэд “баавгай” авах улс ч байгаа юм уу, бүү мэд. 

Манай геополитикчид “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар ид маргаж байна. Тэрхүү 49 хувийг худалдаж авсан гээд буй мөнгөний талыг энэ хугацаанд монголчууд “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замд зарцуулсан. Гэхдээ зэс олборлодог үйлдвэр барихад бус шороо овоолоход. Овоолгын ажлыг гардан гүйцэтгэсэн компани нь харин одоо Монголоос гарч явах нь тодорхой болжээ. Энэ ажлыг хийхийн тулд 6,5 сая ам.доллараар гүүглийн “бодит” мэдээлэлд тулгуурлан ТЭЗҮ-ийг боловсруулсан компанийг дурьдахаа байжээ.   

Гэтэл одоо бариагүй төмөр замд зарцуулсан мөнгийг ярих ч хүн алга. Харин дахин барих өртөгийн талаар өнгөрсөн долоо хоногоос ярьж эхлэв. УИХ-ын чуулганд оролцсон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нэг км төмөр замын өртөгийг 4,2 сая ам.доллар гэж зарлав. Сайд ТЭЗҮ-ийг хийж амжаагүй хэр нь 4,2 сая гэх тоог бол гадарлаад байгаа бололтой.

Монголын геополитикчид илүү мэдрэмжтэй болж байна. Өмнөх үеийн буюу УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, А.Гансүх гэх “мэргэжлийнхэн” Х.Баттулгыг анх энэ асуудлыг ярьж байхад “МТЗ” компани Монгол Улсын өмнөд бүсэд баригдах нэг километр төмөр замын өртгийг 1,3 сая ам.доллар гэж тооцоолж байсан. Дараа нь, Б.Батзаяа “МТЗ” компанийн захирал болоод дээр дурдсан 6,5 сая ам.долларын үнэтэй ТЭЗҮ-г “Мккинсей энд Ко” гэдэг алдарт компаниар хийлгэсэн бөгөөд түүнд нэг км төмөр замын өртөгийг 2,5-2,8  сая доллар зарцуулна гэж тусгасан байдаг.

Үүнийг өнгөрсөн хугацаанд ил болсон ТЭЗҮ-ээс авсан доорх зургаас харж болно.

 

“Мккинсей энд Ко”-ийн боловсруулсан ТЭЗҮ. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын хэлсэн шинэ өртөгөөр дэлхийн хамгийн өндөрлөг газарт барих төмөр замын өртөгтэй дүйж байна.

Үүнийг тухайн үед бодит өртөг биш гэж бишгүй маргасан ч түүгээр нь хийгээгүй болохоор ингээд орхиё. Гэхдээ 6,5 сая ам.доллараар хийлгэснийх жишээ авч, харьцуулсан ТЭЗҮ-ийг харин Зам тээврийн сайдын хэлсэн өртөгтэй харьцуулж үзье л дээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын нэг километр замын өртгийг 4,2 сая ам.доллар гэж хэлсэн. Гэхдээ энэ хүн өмнө нь “МТЗ” компанийг удирдаж байхдаа энд жишээ аваад байгаа ТЭЗҮ-ийг хийлгэснийг мартаж болохгүй. Түүнд нь 2,5-2,8 сая доллар гэж байна. Энэ тоо яагаад ингэж өөрчлөгдсөн юм, бүү мэд. Өөрөө ТЭЗҮ-ийг хийлгээгүй гээд байгаа. Магадгүй ирээдүйд хийлгэх ТЭЗҮ-д тэгж тусгахаар зэхэж байж болно.

Сайдын хэлээд буй нэг километр 4,2 сая ам.доллар нь Лхасын Голмудад барьсан төмөр замын өртөгтэй адил байна. Энэ бол дэлхийн хамгийн өндөр газар баригдсан нийт 1142 км урттай, 675 гүүртэй зам ажээ. Цааш хөөвөл энэ замын 1,33 км нь 4905 метрийн өндөрт баригдсан, “Фэнхуошан” гэгч дэлхийн хамгийн өндөр цэгт төмөр замын тунельтэй, “Янбайжин” гэгч 4200 метрийн өндөрт баригдсан дэлхийн хамгийн урт буюу 3,3 км  урт тунельтэй, нийт дэлгэмэл уртын 80 хувь нь буюу 960  км зам нь 4000 метрээс дээш байрладаг төмөр юм. Дэлхийн хамгийн өндөр цэгт буюу 5068 метрийн өндөрт байрладаг “Тангула” гэдэг өртөө ч энэ замд бий аж. Энэ замын 550 км зам нь мөнх цэвдэгтэй газар баригдсан гэнэ. Ингэхээр манайх шиг шороо овоолоогүй, мөнх цэвдэгтэй газрын хэсгийг дэлхийн дулаарлыг тооцож барьсан гэсэн үг.

Ингээд бодвол, дэлхийн төмөр замын түүхэнд олон рекордыг тогтоосон төмөр замтай манай өмнийн говийн төмөр зам өртөг ижил байна гэж үү?

Гашуунсухайт орчмын төмөр зам

Лхасын Голмуд төмөр зам

Бодит жишээ ийм л байна даа. Манай түүхэнд зүхээд байдаг Х.Чойбалсан төмөр зам бариулах ажлыг хийсэн нь ганц, хэлсэн нь хэд ч болж нэмэгдэхийг бичигч төсөөлөшгүй. Амаараа  бол 2,8 сая ам.доллараар Х.Баттулга, 3,3 сая ам.доллараар А.Гансүх нар бариулж, хамгийн сүүлд Д.Ганбат 4,2 сая ам.долларын ханшаар бариулахаа мэдэрчихсэн явна. Ажил дээр хартал нэг км ч төмөр замгүй хоцорлоо.

Дээр нь худлаа төмөр замын өртгийг өсгөөд нэг км ч төмөр зам бариагүй олон сайд байдаг. Унтаад хоцорсон цэрэг дайнд амьд үлддэг юм гэсэн. Сэрээд, сэрээд гээд үүр, шөнийн заагаар нэг хүн сануулаад байдаг байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж