ӨЧИГДӨР /2017.02.01/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОВ
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл өчигдөр орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах ёстой.
Засгийн газраас “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Ингэснээр 9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ.
МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдэл буюу суурь хураамж болох 224 мянган төгрөгийг юунд зарцуулдаг зарцуулдаг талаар хариулт өгөхийг сургуулийнхаа удирдлагуудаас шаардсан. Тэгвэл тэмцэл хийж буй оюутнуудын төлөөллийг БСШУС-ын сайд Ж. Батсуурь хүлээн авч уулзан, оюутнуудын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Судалгаагаар Монголд гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байгаа нь тогтоогдсон юм.
“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хэлэлцээ хийж эцсийн шатандаа оржээ. Хэлэлцээрийг яаралтай дуусгаж, хоёрдугаар сарын 15 гэхэд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх тодорхой болох болно гэж Сангийн сайд мэдэгдлээ.
Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч, шилдэг нийтлэлч, зохиолч А.Даваасамбуу агсны бүтээлүүдийг эмхтгэсэн “Шилдэг нийтлэл 99 боть”-ийн 33 дахь боть хэвлэлтээс гарчээ. Түүний амьд сэрүүндээ баринтаглаж, хэвлүүлж хараахан амжаагүй номыг гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэгч нөхөд нь дуусгаж хэвлүүлсэн байна.
Хүнд өвчний улмаас таалал төгссөн Токитэнкү А.Хүчитбаатарыг хоёрдугаар сарын 7-нд Токиод нутаглуулах болсон тухай мэдээлэл Японы хэвлэлүүдэд нийтлэгджээ. Японы иргэн болж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг энэ нутагт өнгөрүүлсэн тул талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолыг япон заншлаар гүйцэтгэх аж.
Авлигатай тэмцэх газраас “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ. Шалгалтаар Г.Отгонбаатар нь төрсөн дүүгээ ажилд томилохдоо сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдээгүй зэргийг үндэслэн хариуцлага тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Цагаан сарын өмнө баярт бэлтгэхээр худалдааны төв, захуудыг чиглэх иргэдийн тоо нэмэгдэж, авто машины хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс хоёрдугаар сарын 11, 12, 18,19 ний бямба, ням гаригт замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог тэгш, сондгой дугаараар хязгаарлах нийслэлийн Засаг даргын захирамж гарав.
“Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 2455 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 50 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2445 төгрөгөөр авч, 2470 төгрөгөөр зарж байна. Цаашид долларын ханш буурах тул “доллараа яаралтай зарах хэрэгтэй” гэсэн “мессеж”-ийг эдийн засагчид өгч байгаа юм.