Эмч, сувилагч нарын эрэлт нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Эмч, сувилагч нарын эрэлт нэмэгдлээ

Долоо хоног бүрийн пүрэв гаригт хүргэдэг “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланд өнөөдөр Эрүүл мэндийн яамыг онцолж байна. Тус яамныхан энэ долоо хоногт нэлээд ажил амжуулжээ. Тухайлбал, эмнэлгүүдийг 20.00 цаг хүртэл ажиллуулах, эрүүл мэндийн салбарт цахим систем нэвтрүүлэх, ОХУ-ын зарим агентлагтай хамтарч ажиллах зэрэг онцлох шийдвэр гаргасан байна.   


ЭМНЭЛГҮҮД 20.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгалаа. Эдгээр эмнэлгүүд шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн 20:00 цаг хүртэл ажиллаж байна. Харин Гэмтэл, согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн 20:00 цаг хүртэл уртасгасан хуваариар ажиллах ажээ. Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийн судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа аж. Ажлын цаг нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг эмнэлэгт дунджаар 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай байгаа ажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЦАХИМ СИСТЕМ ХӨГЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл шат шатны байгууллагуудад үргэлжилж байгаа ажээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр /2017.02.01/ Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон “Цахим эрүүл мэнд” төслийн багийн ахлагч Апарна Соманатан нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд “Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс бид уг төслийг үр дүнтэй явуулж, оновчтой ажил хийх, түүнийгээ тогтмол үргэлжлүүлэх саналтай байна” гэдгийг онцлов. Харин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Уг төсөл дээр хамтран ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийлжээ.

ОХУ-ЫН ЭМНЭЛЭГ, БИОЛОГИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРНА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнгөрсөн мягмар гаригт /2017.01.31/ ОХУ-ын Эмнэлэг, биологийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд цөмийн оношлогоо эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарч ажиллах боломж, бололцооны талаар ярилцсан байна.

Тус агентлаг нь ОХУ-ын Красноярск хотод байрладаг бөгөөд олон улсад амь тэнссэн үеийн анагаах ухаан, спортын анагаах ухаан, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн эмгэгийн дараах нөхөн сэргээх эмчилгээгээр олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Бэлтгэсэн Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж