АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
Арилжааны анхны Капитал банк залуу, чадварлаг боловсон хүчинд ажлын байр гаргаж байгаа аж. Энэ тухай Капитал банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Ганзоригтой хийсэн ярилцлагыг Та бүхэнд хүргэж байна.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Сүүлийн үед Капитал банкны үйл ажиллагаа идэвхжиж байгаа гэж банкны салбарынхан ярилцах боллоо?
-Баярлалаа. Танд болон нийт уншигч, харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Капитал банк нь Монгол Улсын арилжааны анхны банк бөгөөд 1990 онд үндэс сууриа тавьснаас хойш тасралтгүй 21 жил үйл ажиллагаа явуулахдаа олон үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч байж ирсэн. Хамгийн сүүлд манай банк Most Money үйлчилгээг нэвтрүүлж ХХСангийн мөнгө болон бусад гүйлгээг гар утаснаасаа хийх боломжийг олгож байгаа. Мөн олон улсад нэр хүндтэй Forex Capital Markets Limited /FXCM/ компанитай хамтран Монголд анх удаа “CapitalbankFX” маржин арилжааны бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлсэн. Энэ нь олон давуу талаараа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн болж чадсан. Мэргэжил нэгт нөхөд маань биднийг үнэлж байгаад баярлалаа.
-Гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ажилтан шалгаруулж авах гэж байгаа гэсэн. Энэ албанд ажиллах ажилтанд ямар шаардлага тавих вэ?
-Манай банкны гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаа ба цаашид ч өргөжих төлөвтэй байна. Одоогоор энэ албанд гурван хүний ажлын байр байна. Тавих шаардлага бол гадаад хэлний бичгийн болон ярианы чадвар, харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуулийн бакалавраас доошгүй зэрэгтэй, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй байх. Гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал гэж үзнэ. Энэ чиглэлээр манай банкинд ажиллах сонирхолтой залуучууд материалаа бүрдүүлэн төвд ирүүлж болно. Эсвэл онлайнаар бөглөж, холбогдох материалын хамт явуулж болно. Манай бусад газар, нэгжид ч мөн ажилтан шаардлагатай байгаа. Тухайлбал Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга, Салбарын эрхлэгч, Тусгай активийн хуульч, Нягтлан бодогч, Эдийн засагч, Мэргэжилтэн, Оператор гэх мэт. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай банктай холбогдон авч болно.
-Капитал банкинд ажиллахын давуу тал нь юу вэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай банк чадварлаг, оюунлаг ажилтнуудаа дэмжин ажилладаг. Нэгдүгээрт албан тушаал ахих боломжтой. Заавал тодорхой хугацаа зааж албан тушаал дэвшүүлнэ гэсэн хатуу шаардлага тавьдаггүй. Шинэ ажлын байранд сургалт явуулан шалгарсан ажилтныг тухайн ажлын байранд томилдог. Хоёрдугаарт суралцах боломж нөхцлөөр хангасан. Гуравдугаарт цалингийн бодлого. Тухайн ажилтны ур чадвартай уялдуулан цалин олгох бодлого баримтлан ажилладаг. Нэмж хэлэхэд манай банкны үйл ажиллагаа улам өргөжиж байгаа тул Капитал банкинд ажиллах нь Та бүхэнд их боломж олгохоос гадна ажлын туршлага олж авах боломж бий болно.
-Үнэхээр Капитал банк залуу боловсон хүчинд ихээхэн боломж олгон ажилладаг юм байна. Энэ сайхан мэдээ, мэдээллийг манай веб сайтаар дамжуулж байгаад би хувийн зүгээс талархал илэрхийлье. Та яагаад манай сайттай хамтран ажиллах болсон бэ?
-Богино хугацаанд монголын залуусын байнгын ханддаг сайт болж чадсан бөгөөд гадаад улс оронд амьдарч, суралцаж байгаа ихэнхи монгол залуус сонирхон ханддаг нэр хүндтэй, мэдээллийн сайн хуудас гэж боддог. Тийм болохоор мэдээллийг богино хугацаанд, олон залууст хүргэхийн тулд танай сайтад мэдээлэл өгч байна.
-Манай сайтад сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Танай банкны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.
-Баярлалаа. Капитал банкны мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн хүргэж байгаа Та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажил үйлсэд Тань амжилт хүсье.