Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн А.Баделхан дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж дэмжигдсэн юм. Иймд УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэхдээ анхны хэлэлцүүлгээр батлахаар болов.
Үүний дараа Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ хуулийн төслийг намар шаргуу хэлэлцэж байгаад зогссон. Зогсолт хийсэн шалтгаан нь байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх явцад олон салбар нэмэгдсэнтэй холбоотой. Үндсэн дөрвөн салбараа татвараас чөлөөлөх нь чухал. Гэтэл одоо найм, есөн салбар болчихсон байна. Тэгэхээр одоо Засгийн газраас анх оруулж хувилбараас санал хураавал яасан юм бэ. 2017 оны улсын төсвийг баталчихаад энэ олон салбарыг чинь татвараас чөлөөлөх боломж байгаа юм уу” гэлээ. Ингээд түүний горимын санал дэмжигдэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс өөр асуух асуулттай гишүүн байгаагүй тул хуулийн төслийг дэмжсэн юм.
Харин “Татвараас чөлөөлөх салбаруудын тоог нэмэх, хасах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад эцэслэн шийдвэрлэх юм.
Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг сүүлд багтсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Хуралдаанд оролцож буй гишүүдээс асуулттай хүн цөөн байсан тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад хуулийн төслийг дэмжсэн юм.
Т.НОМИН