Саяхан Шведэд болсон бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тус тэмцээний “В” ангилалд 10 орон өрсөлдсөнөөс Канад түрүүлж, Унгар, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Анх удаа өвлийн спортын багийн төрлөөр хүрэл медалийг эх орондоо авчирсан баг тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын хоккейн шигшээ багийг энэ сарын 19-26-ны өдрүүдэд Японы Саппоро хотноо болох Азийн өвлийн VII наадамд оролцох болсныг дуулгаж, бүхий л талаар дэмжихээ хэллээ.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий "А" ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдөж байна. Харин "В" ангиалалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид 2006 оноос эхлэн тус тэмцээнд оролцсон бөгөөд өнгөрсөн жил шагналт IV байрт орж байсан. Тэгвэл энэ жил Шведэд болсон тэмцээнд амжилттай оролцож, хэсэгтээ гурван хожил авч шөвгийн наймд Голландыг хожин хагас шигшээд үлдсэн ч Канадын багт 4:3-аар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө Японтой тоглож, 6:5 онооны харьцаагаар хожин түүхэн амжилтын эзэд болсон юм.
Ч.БОЛ