Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус газрын харьяанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагджээ.
Уг хэлтэс нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэгт өртсөн иргэдийг хамгаалах зэрэг арга хэмжээ авч ажиллах аж.
УИХ-аас өнгөрсөн онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталснаар хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.
Уг хуулиар гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг хөрш нь цагдаад өгөх зэрэг үүрэг хүлээж байгаа.
Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээгээр 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох 1152 дуудлага мэдээлэл ирснийг 2015 онтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт гарсан ч дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 607 эргүүл ажиллуулснаар далд хэлбэрээр үгүйлэгдэж байсан гэр бүлийн хүчирхийллийг ил болгож, хохирогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Г.ХОРОЛ